
Баримт түшвэл, зөвхөн “Анод” банкны харилцагчид болоод хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгохын тулд төв банк Засгийн газрын нэрийн өмнөөс 116 тэрбум төгрөгийг тавьж туужээ. Банк санхүүгийн салбарыг бүхэлд нь дампуурал руу хөтлөхгүйн тулд УИХ хадгаламж эзэмшигчид болон харилцах дансанд төр баталгаа гаргах хуулийг баталчихсан байсан тул, хуулийн хүрээнд ийм арга хэмжээ авахаас аргагүй байсан гэсэн тайлбарыг төв банкны ерөнхийлөгч өгсөн.
Тэгвэл “Зоос” банкны тухайд активыг нь сайн муугаар ялгаж, Төрийн банк байгуулсан. Тус банкийг байгуулахад 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Улсаас гаргасан энэхүү бондыг буцаан төлөхийн тулд өнгөрсөн 2010 онд 12 тэрбумыг бэлнээр гаргасан бол 58 тэрбум төгрөгийг мөн төлөх гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хувьд бүх хүчин чармайлтаа гаргаж, ажилласны дүнд эргэн төлөлт бусад улсын дампуурсан банктай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй. Тиймээс төв банкны зүгээс зээлийн эргэн төлөлт дээр чадлаараа чармайн ажиллаж байна гэж Монголбанкны ерөнхийлөгч аппаратынхнаа хальт өөд татаад авлаа.
Мөн тодорхой хугацааны дараа Төрийн банкийг хувьчлах зорилго агуулж буй, тиймээс “Анод” банктай харьцуулахад “Зоос” банкны тухайд хамаагүй нааштай.
Харин арилжааны банкууд цаашид зээл өгөхдөө найдвартай барьцааг зээлдэгчээс хүсэхгүй бол ийм алдаа дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Тэр дундаа УИХ-аас хадгаламж эзэмшигч, харилцах дансны үлдэгдэлд баталгаа гаргачихсан тул иргэд, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй гэдэг үндэслэлээр төр ямагт луйварчдын өмнө орж, хохирлыг барагдуулаад байж болохгүй. Хариуцлага алдсан банкнынхан, найдваргүй зээлдэгч нарт зохих хариуцлагыг хүлээлгэдэг болохгүй бол олон мянган зээлдэгчийн хөрөнгөөр гараа угааж, улсаар зээлээ төлүүлдэг жишиг тогтчих вий гэдэгт гишүүд болгоомжилж байгаагаа энэ үеэр дахин дахин анхааруулж байв.
Мөн Олон овоотын лицензийг ямар замаар худалдаж, төрийг хохиролгүй болгох вэ гэдгийг олон нийтэд нээлттэй, үнэн зөв мэдээлж байхгүй бол, араасаа олон хар дагуулж буйг ч сануулаад авсан юм.