Агаарын бохирдлын төлбөртэй танилцах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын төлбөртэй танилцах боломжтой

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн энэ удаагийн дугаарт “Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хууль, “Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоолыг нийтэллээ. УИХ-аас Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээрийг дээрх хуулиар соёрхон баталсан байна. 

“Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай”, “Зарим хүнийг шүүгчийн албан тушаалд томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг мөн нийтэллээ.

“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцаарай. Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 10 сая, суманд 5 сая төгрөг байхаар тогтоосон бөгөөд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөх, айргийн тавд орсон морьд, эхний гурван байрыг эзэлсэн харваачдын бай шагналыг хэрхэн тогтоосныг эмхтгэлд нийтлэгдсэн хавсралтаас харах боломжтой.

Түүнчлэн “Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох” тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэхүү тогтоолоор Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журмыг батлан агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг тогтоожээ.  Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын олборлосон түүхий нүүрсний килограмм тутамд ногдох агаарын бохирдлын төлбөр нь нэг төгрөг байх аж. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөрийг  агаар бохирдуулах хор хөнөөлийн хүчин чадлаас хамааран 3 зэрэглэлээр килограмм тутамд ямар хувь хэмжээтэйгээр тогтоосон тухай мэдээллийг зөвхөн  “Төрийн мэдээлэл” өгөх болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих зорилгоор мэдээлэл солилцон хамтран ажиллах журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг эмхтгэл нийтлэв. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавихад тагнуул, цагдаа, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналтын байгууллага ямар үүрэгтэй ажиллахыг журмаар нарийвчлан заажээ.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай” хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж