Улаанбаатар баяртай, Токиод уулзацгаая

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатар баяртай, Токиод уулзацгаая

Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн Ази, Номхон далайн парламентын XIX чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. Энэ нь сүүлийн хэдэн жил Монголд болоогүй олон улсын том арга хэмжээ байснаараа түүхэнд үлдэв. Чуулганд 17 гишүүн орны 223 төлөөлөгч,  мөн хоёр ажиглагч орны төлөөлөл оролцсон юм. Бруней, Казахстан хоёр улс энэ удаа ажиглагчийн статустай оролцсон бол Монгол Улс, Австрали, Камбож, Канад, Чили, БНХАУ, Индонез, Япон, БНСУ, Лаос, Малайз, Мексик, Микронез, Шинэ Зеланд, ОХУ, Сингапур, Вьетнамын парламентын төлөөлөгчид албан ёсоор улс орноо төлөөлөн чуулганы үйл ажиллагааг явууллаа.
Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, чуулганы цаашдын шинэчлэлт зэрэг дөрвөн гол асуудлаар төлөөлөгчид 37 төсөл ирүүлснийг нэгтгэн 19 тогтоол гаргасныг чуулганы төгсгөлд баталж, орон бүрийн төлөөлөгчид гарын үсэг зурсан юм. Үүний дараа чуулганы ерөнхийлөгч,  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы үйл ажиллагаа амжилттай болсонд баяр хүргэн үг хэллээ.

Ази, Номхон далайн парламентчид өнгөрсөн гурав хоногт терроризм, мансууруулах бодис, хүний наймаатай тэмцэх, байгалийн гамшгийн үед бүс нутгийн орнууд хамтран ажиллах, хүүхдийн хөдөлмөрийг үгүй болгох, Солонгосын хойгт намжмал байдал тогтоох, Ойрхи Дорнодод энх тайвны үйл явцыг гүнзгийрүүлэх гээд хамгийн халуун сэдвүүдээр ярилцсан юм. Энэ гурав хоногийн дотор парламентчдын  сонгож хэлэлцсэн сэдвүүд ямар тулгамдсан асуудал байсныг гэрчлэх үйл явдал ч тохиолдлоо.

Харамсалтай нь терроризмтай тэмцэх талаар хэлэлцсэн эхний өдрийн хуралдааны дараахан Москвагийн “Домодедово” нисэх онгоцны буудалд амиа золиослогч халдлага үйлдэж, 35 хүний амь үрэгдэж, 100 илүү хүн гэмтэж шархдав. Урьд өдөр нь баяр ёслол дүүрэн эхэлсэн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаан эмгэнэлээр үргэлжлэх юм гэж хэн санах билээ. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов тэр даруйд нь хэвлэлийн бага хурал хийлгэж, төлөөлөгчдөөсөө цөөхнийг үлдээгээд Москваг зорьсон юм.

Сүүлийн өдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн парламентын чуулган хэмээх бүс нутгийн энэ том байгууллагыг цаашид хэрхэн шинэчлэх талаар төлөөлөгчид ярилцаж дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Чуулганыг нэг оронд хоёр удаа хийлгүй өөр өөр улсад зохион байгуулж байхаар тогтож, төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн юм. Мөн ирэх жил болох ХХ чуулганы товыг тогтоов. Дараагийн чуулганыг 2012 оны нэгдүгээр сарын 8-13-нд Японы нийслэл Токиод хийхийг төлөөлөгчид санал нэгтэй дэмжлээ. Харин ХХI чуулганыг ОХУ-ын Владивосток хотод хийлгэх саналыг хойд хөршийнхөн гаргаж байлаа. Японы Ерөнхий сайд асан Ясүхиро Накасоне нь Ази, Номхон далайн парламентын чуулганыг санаачлагч бөгөөд хүндэт дарга юм. Анхны чуулганыг ч 1993 онд Токиод хийж байжээ. Тиймээс Япон улс ирэх жил болох ХХ чуулганд ихээхэн ач холбогдол өгч буй ажээ. Улаанбаатарт болсон чуулганы үеэр ч Японы төлөөлөгчид үйл ажиллагааны шинэтгэлийн тайлан гаргах зэргээр ихээхэн санаачлагатай ажиллаж байгаад төлөөлөгчид талархал илэрхийлж байлаа. Японы төлөөлөгч Акисиха Нагашима чуулганы төгсгөлд хэлсэн үгэндээ “Анх  энэхүү чуулганыг Япон улс санаачлан зохион байгуулж байснаас хойш хорь дахь хурлыг дахин Японд хийхээр болсон нь онцлог үйл явдал. Энэ хооронд дэлхий үйл явдлаар дүүрэн байж өөрчлөгдсөн ч  бид бүгд хамтдаа байж энэ бүхнийг туулж ирлээ. Манай бүс нутгийн  эдийн засаг, нийгэм, улс төрийн   хамтын ажиллагаа ямар байгаа нь бидний үйл хэрэг, хувь нэмрээс шалтгаална. Энэ бүс нутгийн улс орнууд хөгжлийн төвшнөөр өөр,  хэл соёлын хувьд ялгаатай ч  хамтран ажиллах боломжоор илүү юм. Бүс нутгийн болон дэлхий дахины аюулгүй байдал, энх тайвны төлөө тэмцэхдээ бид хамтдаа байх болно” гэлээ.

Чуулганы хаалтын дараа энэ удаагийн зохион байгуулагч Монгол, дараагийн чуулганыг зохион байгуулах Японы тал хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Японы төлөөлгчдийн тэргүүн А.Нагашима нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Урьд өмнөх хуралдаануудаар тогтоолын төсөл буцах асуудал гарч байсан ч   энэ удаагийн  хуралдаанаар гишүүн орнуудаас  ирүүлсэн ямар нэг тогтоолын төсөл буцаагүй  нь  улс  орон бүр  хуралдаанд эртнээс бэлтгэн ач холбогдол өгснийг илтгэн харуулж байна гэж Н.Энхболд дарга онцлон тэмдэглэсэн юм. Хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Терроризм, мансууруулах бодисын наймаатай тэмцэх тухай, Эрчим хүчний аюулгүй байдал, Цагаач ажилчдын асуудал, Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх тухай, Гамшгийн менежмент, Солонгосын хойгийн нөхцөл байдал, Ойрхи Дорнодын эхнийн процесс зэрэг 17 тогтоолыг төлөөлөгчид батлан гаргасныг мэдээллээ.

Ийнхүү гурав хоног нэгэн танхимд чуулсан олон орны парламентчид “Улаанбаатар баяртай, Токиод уулзацгаая” хэмээн түрүүчээсээ эх нутаг руугаа хөлгийн жолоо заллаа. Улаанбаатарын ид хүйтнээр ирсэн халуун дулаан орны гийчид багагүй зутарч байгаа нь мэдэгдсэн ч зорьж ирсэн хэргээ амжилттай бүтээгээд нутаг буцацгааж байна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж