30 сая нүүрс олборлох зорилт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

30 сая нүүрс олборлох зорилт тавьжээ

Энэ сарын 19-21-нд манай нүүрсний компаниудын төлөөлөл БНХАУ-ын Тяньжиний далайн боомт дахь Нянзян уул уурхайн бирж, ложистикийн төв, Дунзян чөлөөт худалдааны бүсийн байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Мөн энэ үеэр  Хятадын зарим байгууллага, компаниудтай уулзалт хийжээ. Энэхүү бизнес аялал, уулзалтын гол зорилго нь Азид төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Тяньжин боомтоор дамжин Хятадын өмнөд мужийн хэрэглэгчид болон олон улсын зах зээлд Монголын нүүрсийг шууд борлуулах гарц олох явдал байсан.  Хятадын өмнөд мужуудад монголчууд нүүрсээ борлуулахаас гадна гуравдагч орны зах зээлд гаргахад хамтран ажиллах санамж бичгийг “Монгол нүүрс ассоциаци”, “Тяньжиний  нүүрсний нийгэмлэг” хооронд хамтран ажиллах байгуулжээ. “Санамж бичиг”-т манай нүүрсийг Тяньжиний боомтод хүргэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх, Монгол ба Хятадын компаниуд хоорондын нүүрсний худалдааны төлбөрийн хэлбэрийг боловсронгуй болгох, нүүрсний үнийг олон улсын зах зээлийн жишигт хүргэн тогтоох зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг харилцан тохирч тусгасан байна.

Энэ уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудлуудын талаар ирэх гуравдугаар сард Тяньжин хотноо болох Монгол, Тяньжиний эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаанаар мөн хэлэлцэж хэрэгжүүлэх арга механизмыг тодорхойлох гэнэ. Тяньжин хот дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газар, Монгол нүүрс ассоциаци, Тяньжиний нүүрсний нийгэмлэг хамтран зохион байгуулсан уг уулзалтанд Монголоос “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ”, “МАК”, “Шарын гол”, “Хүннү ресурс”, “Талын гал”, “Илчит метал”, “Ган илч”, “Сожицу” зэрэг компаниудаас гадна Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрынхан оролцсон байна. Харин  Хятадын талаас Тяньжин боомт, Нянзан боомтын уул уурхайн бирж, Нянзан тээвэр ложистикийн төв, зарим банкны төлөөлөл оролцжээ. Манай улс 2010 онд 18 сая тонн нүүрс экспортолж орлого нь зэсийн баяжмалаас дээгүүр гарсан бол энэ жил 30 сая тонныг экспортлох зорилго тавиад байгаа аж.

Ж.ГЭГЭЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж