Хятадын зэсийн импорт буурна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хятадын зэсийн импорт буурна

Улаан металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын импортолж буй боловсруулсан зэсийн хэмжээ дахин буурах магадлалтай байна. Энэ нь үйлдвэрүүд хаягдал металлыг илүү хэрэглэж буйтай холбоотой. Зарим эдийн засагчдын тооцоолж буйгаар энэ оны импортын нийт хэмжээ 4,5 хувиар буурч, 2,75 сая метр тонн байхаар байгаа аж. Өнгөрсөн онд мөн 7,4 хувийн уналттай байсан тус бүтээгдэхүүний үнэ өндөр буйгаас болж дахин боловсруулсан бүтээгдэхүүний эрэлт өсчээ. Лондоны бирж дээр нэг тонн зэсийн үнэ өчигдөр 2,9 хувиар унаж, 9250 ам.доллар болсон нь сүүлийн хоёр сарын турш харагдаагүй уналт байсан төдийгүй Хятадын Засгийн газар эдийн засгийг хөргөж, инфляцийг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх төлөвтэй буйтай холбоотой. Өнгөрсөн онд 13 хувь байсан зэсийн хэрэглээний өсөлт ч мөн адил 2011 онд долоон хувь болж буурч магадгүй байна. Харин нийт хэрэглээний талаас илүү хувь нь хаягдал металл байх юм.

“Үнэ рекорд хэмжээнд хүрэх дөхөж буй энэ үед боловсруулсан металлын хэрэглээ тийм ч сайнгүй байна” гэж “CRU International” компанийн металлын зах зээлийн шинжээч Чу И хэлж байна. Хаягдал металлын үнэ боловсруулсан бүтээгдэхүүнээс дунджаар 1518 ам.доллараар хямд байдаг юм.

Хятадын хаягдал металлл нийлүүлэлт улам бүр нэмэгдэж байгаа аж. Сүүлийн гучин жилийн турш өргөжиж буй эдийн засгийн хүрээнд гэр ахуйн бараа, барилга угсралтын салбарын хаягдал металлыг дахин боловсруулсан буй юм. Өнгөрсөн онд хаягдал металлын импорт 9,2 хувиар нэмэгдэж, 4,36 сая тонн хүрсэн гэж гаалийн мэдээлэл харуулж байна. БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 10,3 хувиар өссөн билээ. Япон улс дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвдүгээр улирлын тайланг хоёрдугаар сарын 14-нд гаргах юм.  Энэ тайлангийн дараа Хятад улс эдийн засгийн цар хүрээгээр Япон улсыг ардаа орхиж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох эсэх нь тодорхой болох билээ. Хэдийгээр урд хөршийн ДНБ-ий хэмжээ Коммунист намын дарга Ден Сиаопин 1978 онд чөлөөт зах зээлийн бодлого хэрэгжүүлж эхэлж байсантай харьцуулахад 100 дахин их байгаа юм. 2005 онд Франц, Их Британийг, 2007 онд Германыг ардаа орхисон хэдий ч Хятадын эдийн засаг АНУ-ын талд нь ч хүрэхгүй байгаа билээ.

Засгийн газрын зүгээс хоёр ч удаа бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлж, зээл олгогч арилжааны банкуудын мөнгөн хуримтлалын хэмжээг сүүлийн дөрвөн сарын дотор дөрвөн удаа нэмэгдүүлж, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэх зорилгоор зээл олголтыг бууруулж байгаа юм. Харин үүнээс хойш Шанхайн хөрөнгийн биржийн индекс 15 хувиар унаад байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж