Хүрээлэн буй орчин, хүн амыг мөнгөн усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан тушаал гарч энэ сарын 15-наас эхлэн эрүүл мэндийн байгууллагууд мөнгөн ус агуулсан халууны шил, мөнгөн устай даралт хэмжигч багаж зэргийг худалдан авахыг хоригложээ. Халууны шил, цусны даралт хэмжигч, шүдний амальгам, товчин зай, хэт ягаан туяаны болон өдрийн гэрэл зэрэг мөнгөн ус агуулсан багаж хэрэгслийг өргөн хэрэглэж байгаа нь эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагаа гадаад орчинд мөнгөн ус ялгаруулах гол эх үүсвэр болж буйг тогтоогдсон байна. Амьсгалах, арьсанд хүрэлцэх төдийд хүний эрүүл мэндэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг учир мөнгөн ус нь хүний эрүүл мэндэд маш хортой нэгдэл тооцогддог аж. Мөнгөн усны уурын 80 хувь нь уушгаар дамжин цусанд орсноор мэдрэлийн болон хоол боловсруулах, амьсгалын, дархлааны эрхтэн тогтолцоо, бөөрийг гэмтээдэг байна. Гадаад орчны агаар дах мөнгөн усны 53% орчим хувь нь эмнэлгийн хэрэгсэл, лаборатори, шүдний амальгамаас ялгардаг болохыг тогтоожээ. Түүнчлэн ДЭМБ-аас гишүүн орнуудад мөнгөн ус агуулсан багаж хэрэгслийн хэрэглээг бууруулах, хориглох, өөр бүтээгдэхүүнээр орлуулахыг зөвлөж байгаа аж.
С.Отгон