Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү 170 төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү 170 төгрөг болжээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс эрүүл мэндийн даатгалын 2040 төгрөг нэмж төлөөгүй иргэдэд үйлчлэхгүй байна гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч  н.Чимэдмаагаас тодруулсан юм.

-Танай аймгийн иргэдээс эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж болох 6000 төгрөг дээр нэмж 2040 төгрөг төлөөгүй иргэдэд үйлчлэхгүй байна гэсэн гомдол ирсэн байна?
– Үйлчлэхгүй гэсэн мэдээлэл худлаа.  Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны тогтоолоор Хүний хөгжлийн сангаас 1,5 сая төгрөгийг тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хэлбэрээр олгох тухай тогтоол гарсан. 2011 оноос өмнөх онд сард иргэнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд 500 төгрөг авдаг байсан бол Засгийн газрын тогтоолын дагуу  сард 670 төгрөг байхаар Монгол Улсын иргэн хишиг хувь хүртэх  журамд заасан байна. Иймээс сар бүрийн зөрүү 170 төгрөг жилд 2040 болж байгаа. Ганцхан манай аймаг биш. улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа. Үүнийг иргэд 6000 төгрөг дээр нэмж 2040 төгрөг төлнө гэж буруу ойлгоод байх шиг байна.

-Мөнгөө төлөөгүй иргэдэд үйлчлэхгүй байгаа гэдэг нь үнэн үү?
-Эмнэлгийн ажилчид нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө төлж үйлчлүүлэхийг санал болгосон байж магадгүй. Би даатгалын ажилтан болохоор сайн мэдэхгүй байна.

 -Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү 2040 төгрөгийг хүн бүр төлөх юм уу?
-Энэхүү өөрчлөлт нь эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлдөг хүмүүс буюу малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хамаатай юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж