
Мөн тус төвийн авто зогсоолд байрлах автомашинуудын эзэд асааж, холдуулах санаатай сандралдах, шатаж буй обьектоос 50 гаруй метрийн зайд орших “Жаст ойл” шатахуун түгээх станцын ажилтнууд болзошгүй аюулаас сэргийлж газар доорх шатахууны агуулах байршуулсан орчимд элс асгах зэргээр галын аюулаас сэргийлэх арга хэмжээг авч байв. Хэрэв эл гал хүчтэй авалцаж бага хэмжээний л гал ойр орчимд үсрэхэд тухайн шатахуун түгээх станц дэлбэрэх аюул ойрхон байсныг энд сануулах нь зүйтэй болов уу.
“East” төв нь хуучнаар Арьс өнгөний эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан обьект аж. Хуучны модон дээвэртэй барилга тул гал сөнөөгчид галын хүчийг зогсооход хүндрэлтэй байв. Галыг унтраахаар Аврах, гал унтраах 10, 14, 26, 34, 63 дугаар анги, нэмэлтээр Аврах салбар, Шуурхай бүлэг 105 тасгийн аврагч, гал сөнөөгчид, нийт 11 автомашин дайчилжээ. Гал сөнөөгчид Ус сувгийн удирдах газраас тасралтгүй усаар хангаж буй боловч техникийн хүчин чадал үнэхээр дутагдалтай нь анзаарагдаж байв. Дүрэлзэж буй гал руу ус шүрших зориулалтын резин хоолой хүрэлцэхгүй, усны даралт муу, хорын баллон цөөн, дээрээс нь гал сөнөөгчид налуу төмөр дээврийн хэсэгт халтирч унах зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байсан юм. Гадаадын хөгжилтэй оронд бол онгоцоор галын хор, ус цацаад л богино хугацаанд унтраадаг бол манайд өнөөдөр хэдэн гал сөнөөгчид бараг л гар хоосон шахуу улалзах галын өөдөөс дайрч байна. 1-2 метрийн зайд аймшиггүй “үзэлцэх” галын төөнөлт гал сөнөөгчид бүү хэл шатаж буй барилгаас 30-50 метрийн зайд шуугилдах хүмүүс ч мэдэрч байсныг тэнд байсан хэн ч хэлэх биз. Энэ үест гал сөнөөгчдийн тэсвэр тэвчээрийг гайхацгааж байв.
Тус төвийн үйлчлэгч гэх Н гэх эмэгтэйн хэлсэн “Өглөө 11:00 цагийн үед саяхнаас энд ажиллаж эхэлсэн “Mecca” баарнаас утаа гарч эхэлсэн” гэх албан бус мэдээлэл байгаа ч одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор цагдаа, шинжээчид ажиллаж байна. Ямартай ч цаашид энэ хэмжээний томоохон гал гарсан тохиолдолд манай гал унтраах техникийн хүчин чадал ямар төвшинд байгааг өнөөдрийн үйл явдал харууллаа гэхэд болно.