ШШГЕГ жүдочдод хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

ШШГЕГ жүдочдод хүндэтгэл үзүүллээ

ШШГЕГ Х.Цагаанбаатар, Б.Төгөлдөр нарт хүндэтгэл үзүүллээ

ШШГЕГ-ийн бие бүрэлдэхүүн өөрийн “Сүлд” спорт хорооны жүдочид болох Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Төгөлдөр нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. ШШГЕГ-ийн дарга, хурандаа М.Ганхүүгийн баярын мэндчилгээний дараа Азербайжаны нийслэл Баку хотод болсон жин бүрийн шилдэг 16 тамирчны “Мастерс” тэмцээний аварга, хошууч Х.Цагаанбаатарыг өргөмжлөл, 500 мянган төгрөг, хурдан удмын соёолон насны морь, Японы Токио хотод болсон 2010 ДАШТ-д шагналт байрт шалгарч, ОУХМ цолны болзол хангасан Б.Төгөлдөрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнах тушаал уншлаа. Төгөлдөр өөрийн аав, улсын заан Ц.Баярсайханы хамт хүрэлцэн ирсэн байв. ШШГЕГ-ийн ажилчдын нижигнэсэн алга ташилтын эцэст Х.Цагаанбаатар “Маш их баяртай байна. Ийм сайхан хамт олон дунд орж ирээд, амжилт гаргаж байгаадаа урамшиж байна. Өнгөрсөн жилийн “Мастерс”-т дэлхийн чансааг тэргүүлэн барилдсан боловч эхний тойрогт ялагдсан. Харин энэ жил маш их хичээж, хөдөлмөрлөсний дүнд аваргаллаа. Энэ амжилтын дараа ийм сайхан хамт олны өмнө сууж байгаадаа баяртай байна. Та бүхний итгэл найдварыг алдахгүйгээр энх наадмын талбарт төрийн тугаа мандуулж, “Энэ миний Монгол оо” гэж дэлхийд би гайхуулна аа” гэв. Уулзалтын төгсгөлд Х.Цагаанбаатар хамт зураг авахуулахыг хүссэн хүмүүсийн хөлд дарагдав.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж