
Шинэ багтаа ирж байгаа Адэбайор өнөөдөр эмчийн үзлэгт орсон бөгөөд удахгүй эзэн хааны багийн тоглолтонд орж эхэлнэ. “Онцгой нэгэн” Моуриньо Гонсало Игуайн нь гэмтсэн, Карим Бэнзема нь орон гаран тоглож байгаа учраас түүнийг эртнээс сонирхож эхэлсэн. “Мөнгөний машин” хуучин довтлогч Рүүд ван Нистэлрой-г буцаан авчрахыг хүсч байсан ч, Германы баг түүнийг явуулахыг хүсээгүй. Мөн Марадоннагийн хүргэн Сэржио Агуэрог 45 сая фунтээр авах саналыг Атлетико Мадридад тавьсан ч, нэг хотын баг нь уг саналыг тэр дор нь хүлээн аваагүй юм.
Африкын шилдэг хөлбөмбөгчний шагналыг 2008 онд хүртэж байсан Того залуу, 2006 онд “Их бууч” болж байсан билээ. Улмаар Ситид ирэхээсээ өмнө Английн тавцанд 62 гоолыг амжуулсан. Гэхдээ түүний Манчэстэр дэх амьдрал дардан байгаагүй. Ялангуа Манчини ирсэн цагаас тэр сэлгээний тоглогч болж хувирсан юм. Гэхдээ тэр Ситигийн өмнөөс 36 тоглолтонд орж 19 гоолыг оруулсан үзүүлэлттэй. Улирлын эхнээс л явахыг хүсч байсан түүний хүсэл богино хугацаанд ч гэсэн биелэлээ олох нь.
Того довтлогчтой болсон Реал, багтаа Герман болон Кот д’Ивуар довтлогчдыг авах хүсэлтэй байгаа юм. Тэдний сонирхлыг татаж байгаа тоглогчид нь Мирослав Клозе, Дидье Дрогба нар ажээ.