Сингапур туршлагаасаа хуваалцахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Сингапур туршлагаасаа хуваалцахад бэлэн

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсний дараа Сингапур улсын Ерөнхийлөгч С.Р.Натанд бараалхлаа. Монгол улс нь ойрын жилүүдэд урьд өмнө байгаагүй хурдаар хөгжих боломж нээгдэж байгаа бөгөөд энэ боломжийг бодит ажил болгохдоо дэлхийн тэргүүний туршлага, тухайлбал Сингапурын туршлагыг судалж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн  С.Батболд уулзалтын үеэр илэрхийллээ.  Мөн Сингапур нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан учир манай орны хөгжлийн загвар болох боломжтойг дурьдаж байлаа. Сингапур Улсыг хөгжлийн загвар улс хэмээн тодорхойлсонд Ерөнхийлөгч С.Р.Натан тун баяртай байгаагаа илэрхийлээд,  энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ тэмдэглэсэн юм. Тэрбээр  тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон юм байна.

    Ноён  С.Р. Натан Монголд тун элэгтэй нэгэн бөгөөд энэ ч утгаараа манай  улсын хөгжлийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Монгол, Сингапур хоёулаа хоёр хөрштэй, хүн амын тоогоороо ойролцоо зэрэг ижил төстэй зүйл багагүй байгааг тэрбээр тэмдэглээд, харин  Сингапур Улс далайд гарцтайгаараа ялгаатай. Энэ нь Сингапурыг хөгжилд хүргэсэн  нэг шалтгаан төдийгүй бас давуу тал гэдгийг тэмдэглэж байсан юм. Мөн монголчуудын сонирхоод байгаа орон сууцны асуудал дээр өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа  ч илэрхийллээ. Сингапурчуудын хувьд орон сууцыг үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж,  иргэдийнхээ амьдралынх нь баталгаа болгож чаджээ. Ноён Ерөнхийлөгч хөгжлийн асар хурдацтай явж байгаа тус улсын хувьд цаг хугацаа асар чухал, тиймээс хамтын ажилллагааны хувьд хэлбэрээ тогтоох нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Мөн тэрбээр Монголд очих хүсэлттэй байгаагаа ч  энэ үеэр дуулгаад амжлаа.  

    Хөрөнгийн биржээр зочиллоо

    Сингапур Улсын Хөрөнгийн бирж нь Азидаа эхний тавдугаарт ордог аж. Тус биржийн үйл  ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа явцад танилцлаа. Засгийн газрын тэргүүн энд хэлсэн үгэндээ “Монгол Улс эдийн засгийн хурдтай хөгжлийн гараан дээр ирээд байна. Хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих шатандаа орлоо. Энэ үед хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь чухал байгаа тул манай хамтарсан Засгийн газар хөрөнгийн биржийн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулж байна” хэмээн тэмдэглэн хэлж байлаа. 

    Азийн санхүүгийн гол төв болсон Сингапурын Хөрөнгийн бирж Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч биржийн ерөнхийлөгч танилцуулж байв. Монголын Хөрөнгийн бирж Сингапурын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаас хойш гурван жил болох гэж байгаа юм байна. Сингапурын биржид ойролцоогоор 800 гаруй компани бүртгүүлээд байгаа бөгөөд 650 тэрбум сингапур долларын хөрөнгийн зах зээлтэй. Энэ нь олон улсын бирж дээр маш дээгүүр гэсэн үзүүлэлт бөгөөд зах зээлийн хөрөнгө оруулалтын 40 хувийг гадаадын компаниудаас олж авч байгаа ажээ. Биржийн ерөнхийлөгчийн танилцуулснаар сүүлийн үед тус биржид олон улсын томоохон компаниудын хувьцаа хүчтэй орж ирж байгаа. Шинэ компаниудыг хүчтэй татах нь хамгийн том зорилт болж байна гэдгийг тэрээр тэмдэглээд, Сингапурын хөрөнгийн бирж нь Азийн гүүр хэмээн тодорхойлж байв. Сингапурын Хөрөнгийн биржид дэлхийн 3000 орчим худалдаачин ажиллаж буй учир мэргэжлийн гэдэгт ард иргэд нь ихээхэн итгэлтэй байдаг ажээ. Хөрөнгийн бирж зах зээлээ өргөжүүлэх, худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн төрлийн үнэт цаас болон хоёрдогч бүтээгдэхүүнээ танилцуулчихаад байгаа бөгөөд 2010 оны санхүүгийн жилийн эхний хагас жилд 118 сая долларын цэвэр ашиг олсон байна. Хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд үйлдвэрийн  чиглэлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ их өсч байгаа учир сүүлийн үед энэ чиглэлийн хувьцаа өсөх магадлалтай байгааг тайлбарлаж байна.

    Орон сууц амьдралынх нь  баталгаа болдог

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  дараа  нь Сингапурын нийтийн орон сууцны үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Сингапурын “Орон сууц ба хөгжлийн зөвлөл” нь хүн амд зориулан орон гэр барих асуудлыг хариуцдаг юм байна. Байгуулагдсанаас хойшхи 50 жилийн хугацаанд хүн амын 80 гаруй хувь нь амьдарч  буй  990 мянган орон сууцыг барьж чаджээ. Оршин суугчдын 95 гаруй хувь нь орон сууцаа өөрийн болгосон байна. Сингапур Улсын олон нийтийг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай болсны шалтгааныг Засгийн газрын хүчтэй дэмжлэг, орон сууц авах схем, цогц хотхоноор хөгжүүлэх, өмчийн менежмент зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Нийтийн орон сууцыг худалдан авахад төвлөрсөн тэтгэврийн сангийн хадгаламжаа ашиглахыг 1968 онд Засгийн газар зөвшөөрсөн нь орон сууц авах томоохон давалгааг бий болгожээ. Өнөөдөр орон сууц авах схемээр орон сууцанд амьдрагчдын 90 гаруй хувь нь өөрийн  байраа өмчлөх боломжтой болсон байна.

    Сингапурын энэ жишээг гадны улсууд авч хэрэгжүүлсэн тохиолдол бий юу гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуултад “ Манай улс 1960-1980 оны үед танай улсын яг одоогийн байдлыг амсч байсан. Ер нь Засгийн газрын зээл тусламж, хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэг, ард түмний өөрсдийн сэтгэхүй орчин их чухал үүрэгтэй юм билээ. Үүнд мэргэжлийн байгууллагын менежмент чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Орон сууц өөрийн дулаан гэр орноос гадна амьдралын баталгаа болох нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө энэ ажил амжилттай болсон” гэдэг тайлбарыг холбогдох мэргэжилтнүүд нь өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж