Ч.Амарболд нарт ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарт ял төлөвлөжээ

Ч.Амарболд нарт 5-10 жилийн хорих ял төлөвлөжээ

“Долдугаар сарын 1”-ний гэх хэрэг дахин дуулиан тарилаа. Цагдаагийн удирдах албан тушаалтан, цагдаа нар 2008 оны долдугаар сарын 1-нд дөрвөн хүний аминд хүрсэн гэх хэргийг Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжав томилогдох үеэс сэргээн шалгаж эхэлсэн. Харин сүүлийн үед цагдаагийн албан тушаалтнуудад ял төлөвлөсөн гэх мэдээлэл гарах боллоо. Үүнтэй зэрэгцэн цагдаа нар мөрдэстэйгээ тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдлээ. Бас Цагдаагийн ерөнхий газар болон хэлтсүүдийн удирдлага солигдох нь гэсэн явган яриа цуурай мэт түгэв. Энэ бол цагдаагийн дарга нарт холбогдох хэргийн талаар онцлох мэдээлэл гарах бүрт давтагддаг уламжлал. Харин энэ удаагийн цуурайд Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад холбогдох хэрэг хүч нэмж байгаагаараа онцлог юм. Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянаж байгаа бөгөөд ойрын хугацаанд Дээд шүүх харъяалал тогтоох аж. Мөн улсын нууцтай холбоотой бичиг баримт задалсан гэх үндэслэлээр хоёр сарын өмнөөс хоригдсон тагнуулын ажилтны талаарх мэдээлэл ч “Долдугаар сарын 1” дуулиантай хавсрав. Бүр О.Магнай нарын иргэний хөдөлгөөнийхөн “Үймээнийг зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнуудыг АНУ руу нэвтрүүлэхгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгдлээ.

БУУДАХ ТУШААЛ ӨГСӨН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР БУРУУТГАХ БОЛОЛТОЙ

Цагдаагийн ерөнхий газрын дар­гын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатар нар өөрсдөд нь холбогдох хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй аж. Тодруулбал, тэднийг хавтаст хэрэгтэй танилцаж байх үед хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ. Тиймээс “Цаашид хэрэгтэй танилцах шаардлагагүй” гэсэн бичиг хавчуулаад хавтаст хэргийг хаажээ. Харин Улсын ерөнхий прокурорын тушааснаар одоогоос гурван сарын өмнө дээрх хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Гэхдээ Ерөнхий прокурор хэргийн талаар хэд хэдэн зүйлийг нэмж тодруулахыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныханд даалгасан аж. Энэ дагуу дахин мөрдөн байцаалт явуулж цагдаагийн хурандаа нарт Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар ял төлөвлөжээ. Эрүүгийн хуулийн дээрх зүйл, ангид “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хурандаа нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж буудах тушаал өгсөн гэх үндэслэлээр буруутгах бололтой. Мөн Эрүүгийн хуулийн энэ зүйл анги Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр яллагдагчид удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцана. Түүний дараа хохирогчдыг хавтаст хэрэгтэй танилцуулснаар шүүхэд шилжүүлэх аж.

НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ ЦАГДАА НАРТ ХАЛГҮЙ

Үймээний үеэр хүн буудсан гэх хэрэгт хурандаа нараас гадна галын шугамд ажилласан 10 цагдааг шалгаж байсан. Өмнөх мөрдөн байцаалтаар цагдаа нарыг тушаал гүйцэтгэсэн гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ. Харин нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар цагдаа нарыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл буюу санаатайгаар хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр буруутгана гэх таамаг байгаа. Энэ чимээнээр “Цагдаагийн ар гэрийнхний холбоо”-ныхон түргэн авч, төрөөс мөнгө нэхэх зэргээр “барьцаалж” байгаа билээ. Энэ тэмцлийн тэргүүн эгнээд мөрдэс зүүсэн төрийн албан хаагчид байгаа нь ёс зүйтэй эсэхийг Д.Сандаг-Очир дарга тунгааж байгаа буй за. Эх сурвалжийн мэдээлснээр цагдаа нар хавтаст хэрэгтэй танилцахгүй аж. Өөрөөр хэлбэл, цагдаагийн ажилтнуудад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаагүй гэсэн үг. Тиймээс Д.Дорлигжавын эхлүүлсэн нэмэлт мөрдөн байцаалт тушаал биелүүлсэн гэх цагдаа нарт халгүй өнгөрөх бололтой.

Д.САНДАГ-ОЧИРЫГ ӨӨРЧЛӨХГҮЙ ГЭВ

Хууль сахиулагчид албан тушаалаараа халхавч хийн хүний амь хөнөөсөн гэх дээрх хэрэг мандахтай зэрэгцэн хуулийн байгууллагын удирдлагуудыг бүхэлд нь өөрчилнө гэсэн цуурай өндөрслөө. Бүр “Д.Сандаг-Очир Цагдаагийн ерөнхий газрыг удирдахад хөгшдөж байна” гэх сэм яриа ч дуулдах боллоо. Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газар дахь халаа сэлгээний талаар хуулийнхан дор бүрнээ чих тавьж, зарим нь “нүх”-ээ ухаж байгаа ч гэх. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын нөлөө бүхий албан тушаалтнаас энэ талаар тодруулахад “Д.Сандаг-Очирыг ойрын хугацаанд өөрчлөхгүй. АТГ-ын даргын асуудал шийдэгдсэний дараа цагдаагийн байгууллагыг хөдөлгөх болно. Хуулийн байгууллагууд бүгд хөдөлгөөнд орвол эмх замбараагүй байдал бий болно” гэсэн юм.

АЖЛААСАА ГАРСАН ТАГНУУЛЧ ЭХ ОРНООСОО УРВАСАН УУ?

УИХ-ын Гадаад харилцааны хамтын ажиллагааны хэлтсийн дарга асан Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр анхан шатны шүүх 17 жил хорих ял оноосон. Эх орноосоо урвасан гэх зүйл ангиар анх удаа ял оноолоо гэх гайхширал Дээд шүүх ялын зүйлчлэлийг өөрчилснөөр намжсан. Дээрх зүйл ангиар тагнуулчийг шалгаж байгаа аж. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Нямхандыг төрийн нууцад хамаарах бичиг баримт задруулж эх орноосоо урвасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүний үйлдсэн гэх хэрэг улсын нууцтай холбоотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтнууд тайлбарласан. Эх сурвалжийн мэдээлс¬нээр Б.Нямханд Тагнуулын ерөнхий газарт хоёр жил ажиллаад гарчээ. Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан түүнийг гадаад орны тусгай албадтай холбоотой байсан гэх хардлага ч байгаа аж.

Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж