Үерээс болж нүүрсний үнэ огцом өслөө

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Үерээс болж нүүрсний үнэ огцом өслөө

Австрали, Бразильд болж байгаа үерийн гамшиг хүн төрөлхтнийг сөхрүүлж мэдэхээр байна. Энэ гамшгаас болж олон хүн орон гэрээ алдаж, амь нас нь сүйдсэн тухай энд онцлохоо түр азная. Харин олон улсын биржүүд дээр коксжсон нүүрс зэрэг түүхий эдийн үнэ өсч, цаашлаад хүнсний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч эхэлжээ.

Австралийн Квинслэнд мужид сүүлийн сар гаруйн хугацаанд тасралтгүй бороо орж, гол мөрний усны түвшин дээшилсэн. Үүнээс болж их хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан үер болоод байгаа. Квинслэнд мужид “Рио Тинто”, “BHP Billiton” тэргүүтэй уул уурхайн гигантууд нүүрсний олборлолт явуулдаг юм. Гамшигт байдал үүссэн нь тэдгээр уурхайн үйл ажиллагааг хэвийн явагдах боломжгүй болгожээ.

Квинслэндийн үерээс болж олон улсын Түүхий эдийн биржүүд дээр нэг тонн коксжсон нүүрсний үнэ удахгүй 400 ам.доллар хүрнэ хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд Квинслэндийн коксжсон нүүрс тонн тутамдаа 33 ам.доллараар өсч, нэг тонныг нь 383 ам.доллараар арилжжээ. Өнгөрсөн улиралд Квинслэндээс нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахад нэг тонныг нь 225 ам.доллараар үнэлж байв. Өөрөөр хэлбэл, Квинслэндийн коксжсон нүүрсний үнэ үер болохын өмнөх үеийнхээс 70 хувиар өссөн гэсэн үг юм. “Macquarie”-ийн шинжээч Макс Лэйтон “Нүүрсний нийлүүлэлт бүр зогсчихоогүй байна. Гэхдээ олборлогч компаниудын хувьд их хэмжээний алдагдал хүлээж байгаа. Энэ нь нүүрсний үнийг хөөргөж байна. Цаашлаад Хятадын гангийн үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулж байна” гэжээ. Квинслэндийн коксжсон нүүрсний индекс өссөөр байгаа тухай албаны шинжээчид мэдэгдэж байна. Тус индексийн мэдээллийг хариуцдаг шинжээчид “Коксжсон нүүрсний үнэ тонн тутам нь 400 ам.доллараас давах нь цаг хугацааны асуудал болсон. Одоо үерийн гамшиг арилж, усны түвшин доошилсон ч гэсэн хэсэг хугацаанд үнийн өсөлт идэвхтэй хэвээр байна” гэжээ.

Үерээс болж зөвхөн уурхай­нуу­дын үйл ажиллагаа тасалдсангүй. Квинслэнд мужийн төмөр замын тээ­вэрлэлт зогссон бөгөөд энэ нь зарим уурхайгаас ачигдаж байгаа нүүрсийг зах зээлд нийлүүлэхэд давхар саад болж байгаа юм. Тиймээс борооны улирал болж байгаатай зэрэгцээд коксжсон нүүрсний агуулахууд нөөцөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Өмнө нь 2008 онд Квинслэнд мужид олон хоног үргэлжлэн орж байсан борооны улмаас мөн л коксжсон нүүрсний үнэ огцом өсч байв. Харин энэ удаа Квинслэнд мужид болж байгаа үерийн улмаас 3.3 сая тонн нүүрсний нийлүүлэлт зогсонги байдал оржээ. “Macquarie”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар цаашид 10-11 сая тонн нүүрсний нийлүүлэлтээ алдаж, Квинслэндэд олборлолт явуулдаг компаниуд 3.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээх юм. Одоогийн байдлаар Квинслэндийн нүүрсний уурхайнуудын 85 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна. Далайн боомт, төмөр замын ажил өнгөрсөн долоо хоногт саатсан боловч энэ долоо хоногоос дийлэнх нь хэвийн ажиллаж эхэлжээ. Дэлхийн коксжсон нүүрсний нийлүүлэлтийн гуравны хоёр хувийг Австрали дангаараа бүрдүүлдэг. Харин Квинслэнд мужаас үүний 90 орчим хувийг олборлодог аж. Тиймээс олон улсад нүүрсний үнэд үерийн нөлөө асар их байгаа юм.

Австралиас гадна Бразильд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер болж байгаа тухай дээр дурьдсан. Үүнээс болж тус улсад инфляцийн түвшин сүүлийн хоёр жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Үерээс болж тариан талбайнууд сүйдэж, хүнсний бүтээгдэхүүний үнэ он гарснаас хойш 17 хувиар өсчээ. “at Banco WestLB do Brasil” хөрөнгө оруулалтын газрын шинжээч Юрэс Фолчини “Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь макро эдийн засагт аль хэдийнэ нөлөөлж эхэллээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төв банкнаас тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай боллоо” гэсэн байна. Уржигдар тус улсын төв банк бодлогын хүүгээ 50 нэгжээр дээшлүүлжээ. Энэ оны эхэнд 4.5 хувиас хэтрүүлэхгүй гэх таамгийг эдийн засагчид гаргаад байсан. Гэхдээ үерээс хамаарч бодлогын хүүг илүү их нэмж ч магадгүй юм. Үерийн гамшигт өртөөд байгаа Сао Паула муж нь Бразилийн үр тарианы ургацын дийлэнх хувийг нийлүүлдэг юм. Харин Рио де Жанейрод үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд нийт 153.4 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ сарын байдлаар дээрх хоёр газарт зөвхөн хүнсний ногооны үнэ л гэхэд 60 хувиар өссөн байна. Эдгээр мужаас экспортод гаргадаг шош, элсэн чихэр, кофены үнэ олон улсын биржүүд дээр өсөх хандлагатай болжээ. Бразиль бол кофе, элсэн чихрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, шошийн нийлүүлэлтээрээ АНУ-ын дараа ордог орон.

Олон улсад өчигдрийн байдлаар элсэн чихрийн үнэ 0.53 хувиар өссөн байна. Бразилийн үерээс болж ойролцоогоор тонн тутам нь 790.7 ам.доллар хүрээд байгаа юм. Дэлхийн зах зээл дээр элсэн чихрийн үнэ өсөхөд Австралийн үер ч бас нөлөөлж байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж