”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” эхэллээ

Манай улсад ойрын жилүүдэд ажил идэвхтэй хайж байгаа иргэ­дийн тоо 30-38 мянгад хэлбэлзэж байсан бөгөөд энэ сарын эхээр 38.3 мянган ажилгүй иргэн бүртгэгдээд байв. Энэ тоо он гарахад 200 иргэнээр хүрээгээ тэлснийг ста­тистикийн хорооны мэдээлэлд онцолжээ. Харин өчигдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд болсон уулзалтаар манай улсын ажилгүйчүүд 103 мянгад хү­рээд байгааг мэдээллээ. Учир нь ажилгүй иргэдээ бүртгэх аргачлалд өөрчлөлт орсноор ийм зөрүүтэй тоо гараад байгаа аж.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд харъяа яамнаас энэ онд 36 мянган ажлын байрыг бий болгож, 50 мянга орчим хүнийг түр ажлын байранд зуучлахаар болжээ. Мөн 25 мянган оюутныг цагийн ажилд зуучлах ажлыг шинээр зохион байгуулна хэмээн ярьж байна. Гэхдээ өмнөх жилүүдийн дүнгээс харахад бодит байдлаас илүү цаасан дээрх тоонд ач холбогдол өгөх байдал зонхилж мэдэхээр байна. Тухайлбал, 2010 онд 47 мянга гаруй оюутанд зөвлөгөө, мэдээ­лэл өгч 27 мянгыг нь цагийн ажилд зуучилсан байна. Гэтэл 50 орчим мянган оюутан гэдэг бол нийслэлд суралцаж буй оюутнуудын 60 орчим хувь шүү дээ. Мөн зуучлуулсан 27 мянган оюутны дөнгөж нэг хувь нь дадлагажих журмаар зуучлуулсан ажлын байранд очсон байна. Ингэхээр уг төслөөс бодит үр дүн харагдахгүй байгаа юм.

Уулзалтын үеэр сэтгүүлчдийн хам­гийн ихээр сонирхож байсан асуу­дал бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаарх мэдээлэл байлаа.  Учир нь хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг бага байгаатай хол­боотойгоор гадны хөрөнгө оруу­лалттай компаниуд монгол ажилч­дад бага цалин өгөх үзэгдэл га­зар авсан аж. Харин Нийгмийн хам­гаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгийн ярьж буйгаар Мон­голын Үйлдвэрчний эвлэлийн хол­бооноос ирүүлсэн 200 мянган төг­рөгт хүргэх саналыг хэрэгжүүлэх бо­ломж­гүй бөгөөд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны байр суурь эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдаж байгаа аж. Мөн сүүлийн үед Мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төвүүд хөрөнгө оруу­лалтыг хамгийн ихээр авч байгаа ч бодит үр дүнгээ өгөхгүй бай­гааг сэтгүүлчид шүүмжилсэн юм. Ха­рин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиг­лэлээр өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдээс Оюутолгойд жил бүр 3300 мэргэжилтэй ажилчин бэлдэх ажил нэлээд үр дүнтэй болж байгаа талаар яамныхан танилцуулсан юм.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж