Чанаргүй зээл толгойны өвчин” хэвээрээ байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээл толгойны өвчин” хэвээрээ байна

Аль ч оронд банкны салбарын нийт зээлийн гурав хүртэлх хувийг чанаргүй зээл эзэлж байвал хэвийн гэж үздэг. Харин ма­найд чанаргүй зээлийн хэмжээ чамлаж ч, чанга атгаж үзээд ч 17 гэсэн өндөр хувиас огт буурдаггүй. Өнгөрсөн онд АНУ-д 300 гаруй банкны чанаргүй зээлийн хэмжээ гур­ван хувиасаа давж, зарим банкных нь чанаргүй зээл есдүгээр сарын дунд үед даруй хоёр дахин нэмэгдэж байв. Мөн тус улсын хамгийн том бан­куудын нэг болох Flagstar Bancorp банкны чанаргүй зээл зургаан ху­виас 10 хувьд дөхөхөд их гүрний эдийн засагчид “хүүе, хаая” болж эхэлжээ. Гэтэл манай улсад байдал өөр. “Банкуудын чанаргүй зээлийн хэм­жээ олон жилийн дунджаас ал­гуур буурч ирлээ” хэмээн тайван сууж назгайрдаг.

Нөгөө талаас манайд зээлдэгчийн хариуц­лага гэдэг зүйл тааруу бай­даг аж. Түүнийг нь өөгшүүлж бай­гаа мэт барьцаа хөрөнгийг нь за­рах гэж банкууд өөрсдөө үйлээ үз­нэ. Учир нь Солонгост зээлийн барьцаа хө­рөнгийн борлуулалтын асуудал 5-10 сарын дотор ший­дэгдэж байхад манайд дор хаяж долоон жил болдог юм би­лээ. Ингэж өөрсдөдөө түвэг удсан чанаргүй зээлийнхээ эздийг банкны удирдлагууд  дампуурахаасаа нааш зарладаггүй. Уг нь чанаргүй зээл эзэм­шигчдийг олон нийтэд илээр зарладаг болчихвол зээл­дэг­чийн хариуцлага дээшилж мэ­дэ­хээр байгаа юм. Чанаргүй зээл дор­витой буурахгүй байгаагийн гол шалт­гаан нь манай арилжааны бан­кууд зээлдэгчдийнхээ судалгааг ул үндэстэйгээр хийж чаддаггүйтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тэднийхээр зээлийг мэдээлэлд үндэслэхээсээ илүү барьцаа хөрөн­гөд үндэслэж олгодог байдлыг зог­соох хэрэгтэй аж. Учир нь барь­цаа хөрөнгийн хөрвөх чадварыг сайж­руулах ажил мөн л хэдэн жилийн өмнөхөө бодвол арай л дээрдэж байгаа гэсэн.

Төрөөс баримтлах энэ оны мөн­гө­ний бодлогод дурьдсанаар санхүү­гийн салбарын тогтвортой байдлыг хангах, зээлийн барьцаа хөрөнгийг хурдан шуурхай худалдан борлуулах, зээлийн эрсдэлийг багасгах зэрэг ар араасаа хөвөрсөн олон ажил өмнө гараад ирлээ. Энэ ажлуудын үр дүнгээс ха­маарч санхүүгийн тогтвортой байдал бий болж, чанаргүй зээлийн хэмжээ багасах аж. Гэтэл 2009 онд нийт банкны сис­темийн хэмжээгээр чанаргүй зээл 442.5 тэрбум төгрөг  болж, өмнөх оноосоо 243.9 тэрбум төгрөгөөр өсч шуугиулсан. Тэр үед чанаргүй зээл нийт зээлийн 25 хувийг эзэлж байсан юм. Ингэж хоёр дахин нэмэгдсэн чанар­гүй зээлийн хувь өнгөрсөн онд буурч гавьсангүй. Саяхан гар­сан статистик дүнгээс харахад 442.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл хямрал багатай байсан өнгөрсөн онд 374.4 буюу 87.6 тэрбум төгрөг төдийх­нөөр буурсан байлаа.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж