”Хан Ресурс”-д барих ”бэлэг” байгаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

”Хан Ресурс”-д барих ”бэлэг” байгаа

Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн зүгээс  Цөмийн энергийн газрыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөөд байгаа. Цөмийн энергийн газрын дарга, Арбитрын шүүхийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн дэд дарга С.Энхбаттай энэ талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Арбитрын шүүхийн бэлтгэл ажлыг яаравчлах хэрэгтэй хэмээсэн. Ажлын хэсгийнхэн үүнийг хэр биелүүлж байна вэ?

– Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Ажлын хэсгийн гол үүрэг бол хуулийн зөвлөх компани, арбитрчийг сонгох явдал. Улмаар тэдэнтэй хамтарч ажиллах юм.

-Хуулийн зөвлөх, арбитрчийг сонгосон уу. Засгийн газрын өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар  жаахан тодруулахгүй юу?

-Арбитрчийг сонгоогүй байгаа. Ажлын хэсэгт хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас олон санал ирсэн. Зөвлөх компаниудаас “Hogan lovells” компанийг шалгаруулсан байгаа. Өнөөдөр дээрх компанийг сонгосон гэдгээ Засгийн газарт танилцууллаа. Засгийн газраас холбогдох гэрээг байгуулаад хамтарч ажиллана гэсэн чиг үүргийг өглөө.

-“Hogan lovells” компанийн талаар танд ямар мэдээлэл байна вэ? 

-Тодорхой мэдээллийг компанийн өмнөөс өгөх боломжгүй юм. Ямартай ч 1904 онд байгуулагдсан 40 гаруй оронд төлөөлөгчийн газартай, нэр хүндтэй томоохон компани.

-Тэгвэл иймэрхүү маргааныг үйлчлүүлэгчийнхээ талд нааштайгаар шийдэж байсан туршлага нь хэр юм бол?

-Энэ тал дээр хангалттай туршлагатай гэж үзсэний үндсэн дээр сонгосон. Хууль зүйн компаниудаас дэлхийд гуравдугаарт ордог гэсэн. Өөр нэг сайн тал нь Монголд төлөөлөгчийн газартай. Тиймээс ийш, тийшээ явж цаг алдах шаардлагагүй гэдгээрээ давуу талтай юм.

-Тэгвэл арбитрчийг хэзээ сонгох юм бэ. “Хан ресурс” аль хэдийнэ сонгочихсон шүү дээ. Энэ нь ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашралтай байна гэх хардлагыг төрүүлж байна?

-Одоогоор сонгоогүй байна. Ямартай ч ирэх сарын 9-нд болох шүүх хурлаас өмнө сонгоно. Үүнээс өмнө сонгохгүй бол “Хан ресурс” ХХК буюу нэхэмжлэгч талаас манай арбитрчийг сонгох болчихно. Тиймээс хүнээр сонгуулснаас өөрсдөө сонгосон нь дээр гэж үзэж байгаа. “Хан ресурс” сайн арбитрч сонгосон. Нэр хүндтэй энэ талын туршлагатай хүн. Одоо ажлын хэсгийн нэг үүрэг нь түүнээс дутахгүй нэр хүндтэй, туршлагатай хүнийг сонгох явдал юм. Хуульд заасан хугацаа нь болоогүй байгаа.

-“Хан ресурс” Арбитрын шүүхэд ялна гэдгээ мэдэгдэж байна. Тэгвэл Засгийн газар үүнд ямар хариулт өгөх вэ? 

-“Хан ресурс” ХХК олон нийтэд энэ төрлийн мэдээлэл хүргэхэд анхаарлаа хандуулж байгаа. Интернэт, сонин, телевизээр “Ялна” гэсэн мэдээлэл цацаж байна. Гэхдээ хуулийн зарга, шүүлт явж байхад иймэрхүү зүйл байх ёсгүй. Тиймээс Монголын талаас “Хан ресурс”-ыг ийм үндэслэлээр ялна гээд мэдээлэл дэлгэхийг яарахгүй байгаа юм. Анхан шатны шүүх хурлуудад бид ялсан. Ажлын хэсгийнхэн энэ талаар ярихгүй байгаа болохоор “Хан ресурс” иймэрхүү мэдээллээр хүмүүсийн толгойг угааж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр З.Энхболд гишүүн “Хан ресурс”-д анхнаасаа хайгуулын лиценз олгочихсон бол Монголын Засгийн газар шүүхэд дуудагдахгүй байсан хэмээн шүүмжилсэн?

-З.Энхболд гишүүн бидэнд шүүмжлэл биш зөвлөгөө өгсөн гэж ойлгож байна. “Гэрээ нь анхнаасаа хүчингүй байсан юм биш үү. Энэ лицензийг анхнаасаа хууль бусаар олгосон юм биш үү” гэж. “Хан ресурс” олон дүрэм, журам зөрчсөн. Цөмийн энергийн тухай хууль гараад ураны лицензтэй холбоотой асуудал манай агентлагт шилжиж ирсэн. Анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас материал нь ирэхдээ лиценз нь түдгэлзчихсэн байсан. Тиймээс энэ асуудлыг бид эхлүүлээгүй юм.

-Нөхөн олговрыг нь олгох боломжгүй байсан юм уу?

-Бид нөхөн олговор олгоно гэдгээ “Хан ресурс” ХХК-д албан бичгээр өгсөн. Энэ талаар мэдэгдсэн. “Танайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Гэхдээ танайд гарсан бодит зардлын нөхөн олговрыг олгоно” гэдгийг хэлсэн. Өгсөн албан бичиг дээр энэ бүхэн тодорхой байгаа.

-Тэд нөхөн олговор олгоогүй гэдгийг нэг үндэслэл болгож Арбитрын шүүхэд хандсан шүү дээ? 

-Нөхөн олговроо манай газраас нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл энэ шатыг алгасаад шүүх рүү хандаад байгаа юм. Дорнод ураны орд дээр түшиглэн үйл ажиллагаа явуулахдаа төдий хэмжээний хөрөнгө зарсан гэдгээ батлах ёстой байсан. Тэр алхмуудаа хийхгүй байна. 

-Таны төсөөлж байгаагаар “Хан ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэг  хэзээ дуусах бол?

-Хурдан дуусах байх гэж найдаж байна. Яагаад гэвэл бидэнд тэдэнд барих хариу байна. Эсвэл тохиролцох өөр арга зам ч байна.

-“Тэдэнд барих хариу” гэдгийг тодруулахгүй юу. Та бүхний хэлж буй хууль, журам зөрчсөн гэдэг нотолгоонууд уу?

-Мэдэхгүй. Ажлын хэсгийн үйл ажиллагаа одоохондоо хаалт­тай байна. Тиймээс нээлттэй хэлж байна.


Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж