Гишүүдэд цензур тавихыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Гишүүдэд цензур тавихыг эсэргүүцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Д.Арвин, Ц.Даваасүрэн нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцлээ. Э.Бат-Үүл гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцохдоо баримтлах хэм хэмжээний асуудал юм. Уг асуудлыг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хуулийн тайлбарыг их зөв хийх хэрэгтэй. Ёс суртахууны шинжтэйгээр доромжлох, гэмт хэргийн шинжтэйгээр доромжлох гэж байна. Засгийн эрх мэдлийг хууль бусаар авах, гүтгэх гэдэг нь Эрүүгийн хуульд байгаа. Харин үндэстэн ястныг дайнд уриалах тухай заалтыг Төрийн эсрэг гэмт хэргийн тухай хуулиас авчихсан. Эрүүгийн хуулийг сайн үзэх хэрэгтэй. Иймээс тайлбараа сайн хийх нь чухал. УИХ-ын гишүүний ёс зүйн үйлдэл алдаатай болохыг ялгаж, салгах зүйл хэрэгтэй байгаа юм. Гишүүд сэтгэлийн хөдлөл, тухайн үеийн байдлаасаа болоод эвгүй үг хэллэг гаргавал ёс зүйн зөрчил болно. Энэ нь уучлалт гуйх асуудал руу орно гэсэн үг. Харин олныг албаар өдөөн турхирах, Засгийн эрх мэдлийг хууль бусаар авах зэрэг нь эрүүгийн хэрэг. Үүнийгээ хооронд нь хольж, хутгаад байна” гэлээ. Харин хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Хуулийн төсөл танилцуулахдаа нэлээд тодорхой хэлсэн. Гэтэл ойлгосон мөртлөө мушгин гуйвуулах хандлага байна. Энэ хуулийн төсөл зөвхөн УИХ-ын гишүүдэд хамаатай. Үүнийг гуйвуулахдаа иргэдэд ийм зүйл нэмж байна гэж ойлгуулаад байгаа юм. Санаатай гуйвуулаад байна. Олон түмэн хоорондоо мөргөлдөх гэж байна гэдгийг мэдсэн хэрнээ мөргөлдөөнд турхирвал үүнийг гэмт хэрэг гэж үзэхээс өөр аргагүй” хэмээв. Харин энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Энэ хуулийн төсөл бол төрийг тунгалаг, гишүүдийн ёс зүйг өндөр болгох үндсэн агуулгатай байна гэж харж байгаа. УИХ ёс зүйн дүрэм баталсан. Ер нь аль ч парламентыг харж байхад төгс төгөлдөр ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Учир нь хүн бүр нэг хэвэнд цутгачихсан биш. Төрийг ард түмэн сонгосон. Гэтэл ард түмний төлөөлөл болж байгаа гишүүд байр сууриа илэрхийлэхэд тодорхой хэмжээгээр саад болж байна гэж үзэж байгаа. Би энэ хуулийн төслөөс сөрөг үр дагавар харж байна. Учир нь 1937 оны хэлмэгдүүлэлтийн үе, долдугаар сарын 1 зэргийг цайруулах үндэсийг тавих нь. Гишүүд байр сууриа илэрхийлэхдээ ард түмнийг өдөөн турхирч уриалдаггүй. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Харин Э.Бат-Үүл гишүүн ёс зүйн дүрмийг сайжруулах үүднээс яривал дэмжинэ. Хаалттай хуралдах, гишүүдийн үгэнд цензур тавьж огтхон ч болохгүй”  гэдгээ байнгын хорооны гишүүдэд хэллээ. Тэрбээр хэрэв сонгууль будилаантай болбол ард түмэн үгээ хэлнэ. Би ч бас үгээ хэлнэ. Шаардлагатай бол гудамжинд гарна. Гудамжинд жагсч үгээ хэлбэл төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох уу гэдэг асуултыг тавьж байсан юм. Мөн уг хуулийн төслийн эсрэг байр суурьтай байсан гишүүн бол УИХ-ын гишүүн Д.Арвин. Тэрбээр “Ийм асуудалд байнгын хороо ач холбогдол өгч, хэлэлцэж байгаад харамсч байна. Энэ асуудлыг ёс зүйн дүрэмд л оруулж ярихаас бус УИХ-ын тухай хуульд оруулж болохгүй. Улс орноо муу зүйл рүү татан оруулж байсан УИХ-ын гишүүн нэг ч байхгүй. Хамтарсан Засгийн газар гишүүдийн тэвчишгүй зүйлийг батлуулдаг. Улс орны эрх ашгийг хөндсөн олон асуудлыг хэдэн хүн лоббидож, оруулж ирдэг. Зах зээлд шилжсэнээс хойш гишүүд лоббидож, эрх ашгийнхаа төлөө хууль батлуулдаг. Хэрэв төр тунгалаг бол энэ хууль орж ирж болно. Э.Бат-Үүл гишүүн баатар болсныхоо дараа ардчиллыг хумих зүйл хийж байна” хэмээн хатуухан хэлээд авсан. Ийнхүү байнгын хорооны гишүүд хэлэлцээд гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, томъёоллоо сайжруулахаар болов.

Б.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж