II цахилгаан станцад дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

II цахилгаан станцад дэлбэрэлт болжээ

Дулааны II цахилгаан станцад энэ сарын 22-нд осол гарсан байна. Тус станцын инженертэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн ч “Манай инженерүүд ээлжээр ажилладаг. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Харин гэмтэл согогийг үндэсний төвийн салбар эмнэлэг болох Түлэнхийн төвийн жижүүр эмч Л.Нанжидтай холбогдоход “Дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болсны улмаас хүнд, хөнгөн түлэгдэлтэй таван өвчтөн ирсэн. Таван хүний дөрөв нь хөнгөн хэлбэрийн түлэгдэлттэй байсан учраас тухайн өдрийн ээлжийн эмч үзлэг хийж,  шархыг цэвэрлэн гэрт нь буцаасан. Харин нэг өвчтөн нүүр, нурууны хэсэгтээ түлэгдсэн учраас манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ.

Сувилагч биднийг өвчтөн өөрөө зөвшөөрвөл уулзаж болно гэсний дагуу  О-гоос ямар шалтгаанаар тус станцад дэлбэрэлт болсон талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Түүний нүүр битүү түлэгдсэн байв.

Цахилгаан станцад болсон осол, дэлбэрэлтийн талаар НОБГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан С.Мөнхнарангаас тодруулахад “Тус станцад зуухны горим алдагдаж дэлбэрэлт болсон. Үүнээс болж  таван хүн хуруу, гартаа хөнгөн бэртсэн” гэсэн мэдээлэл өгч байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж