Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар нь тогтооно

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар нь тогтооно

Энэ оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү, төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Бодлогын хэрэгжилтийг зохицуу­лах газрын дарга Т.Энхтуяа, Стра­тегийн төлөвлөлтийн газ­рын дарга Н.Аюуш, Төрийн захиргаа удирдлагын газ­рын дарга Ш.Мөнхцэрэн нар өчиг­дөр хэвлэлийн бага хурал хийж,  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлаасаа танилцуулсан юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлнэ

Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 25,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 19,4 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр  үзүүлдэг  есөн төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 233,6 мянган хүн хамрагдсан байна. Тэдний 52 мянга нь ажилд зуучлуулж, 18 мянга нь мэргэжлийн сургалтад хамрагджээ.  Харин энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 25,9 тэрбум, зарлагыг 21,3 тэрбум төгрөг байхаар төсөвт суулгажээ. Энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг урьд оныхоос хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Урьд онуудад Төрийн санд тус сангаас үлдэгдэл болон төвлөрсөн 20 тэрбум төгрөгийг нэмж суулгах талаар төсвийн тодотголд оруулан батлуулж гэмээнэ энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 40 тэрбумыг зориулах эрх нээгдэх ажээ.

Хөдөлмөрийн чадамжтай ч ажилгүй хүмүүст илүүтэй анхаарна

Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо  103,1 мян­­гад хүрч,  ажилгүйдлийн төвшин 8,6 хувьтай байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өглөө. Тэднээс ажил идэвхтэй эрж хайж буй нь 38-40 мянга орчим байдаг гэнэ. Үлдсэн нь ажил хайгаад ч олохгүй цөхөрсөн хүмүүс байдаг аж. Өөрөөр хэлбэл 9,11 дүгээр анги төгссөн, хөнгөлөлтийн тэтгэвэрт эрт гарсан болон ажил хөдөлмөр хийх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 45-аас дээш насныхан, хорих ангиас суллагдагсад, 18 нас хүрч асрамжийн газраас амьдралд шилжиж буй хүүхдүүд гэхчилэн хөдөлмөрийн чадвартай ч ажилд орж чаддаггүй хүмүүсийг өөрийн гэсэн  ажилтай болгоход илүүтэй анхаарах нь энэ оны зорилт ажээ. Тэтгэвэртээ эрт гарсан багш, эмч нарын хүчийг ашиглаж, хүмүүст хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах гэнэ. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд 60 мянгаас багагүй тооны ажлын байр бий болгож, өрх тутмаас нэг хүнийг ажилд зуучлах бодлогыг салбарын яам боловсруулаад байна. Мөн 12 мянган иргэнийг сургалтад хамруулж, тэдний 60-аас багагүй хувийг нь ажилд зуучлан оруулах ажээ. Энэ онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэх хамгийн чухал ажлын нэг нь  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн шинэчлэл ажээ. Тун удахгүй УИХ-аар хэлэлцэж батлах уг хуулинд ажлын байрыг хадгалах, хамгаалах, нэмэгдүүлэх асуудлыг түлхүү тусгасныг Н.Аюуш яриандаа онцолж байлаа. Түүнчлэн бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг ч хуульд тусгасан байна.

Хөдөлмөрийн хөлсний хэмжээ гэдэг тоглоом биш гэв

Манай улсын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээ 108 мянган төгрөг байдаг. Энэ хэмжээний цалингаар сарыг өнгөрөөх ямар ч боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэтэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай зарим компаниуд 108 мянган төгрөгөөр босго тогтоон цалинжуулах нь бий. Цалинг нь ахиухан өглөө ч нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож төлөх нь түгээмэл. Ажил хөдөлмөр эрхлэн амин зуулгаа авч явж буй хүмүүст хохиролтой туссаар байгаа энэхүү босго хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар салбарын яамнаас бид тодруулсан юм. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү:

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар Засгийн газрын хүрээнд хэлэлцсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээ хангалттай бус гэдэг нь үнэ­ний ортой ч энэ бол байнга хөдөл­гөөд байдаг зүйл биш. Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нийгмийн түншлэлийн талуудаар хэлэлцэж, салбар бүр өөр өөрийн онцлогтоо тохируулан тогтооно. Түншлэлийн талуудын зөвшилцөл зөвлөлдөх уулзалт удахгүй болно. Уулзалтын өмнө талууд саналаа боловсруулаад байгаа. Эдгээрээс хамгийн үндэслэлтэй санал нь ажил олгогчдын санал байсан. Хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээг гэнэт их хэмжээгээр нэмэг­дүүлэх нь ардаа олон төрлийн аюул дагуулдаг. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжийн 80 хувь нь 10 хүртэлх ажиллагсадтай жижиг газ­рууд байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг автоматаар нэмэх нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажил­лагаанд сөрөг нөлөөтэй хэмээн тайлбарлалаа.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж