Суарэз Ливэрпүүлд ирэх болов уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Суарэз Ливэрпүүлд ирэх болов уу?

Энэ улиралд 2 дахь мэнэжэрээрээ багаа удирдуулж байгаа Ливэрпүүл, Аяксаас тоглогч авах гэж ярилцсаар байна. Тэдний бай нь мэдээж Льюс Суарэз юм. Мэрсисайдын “Улаанууд”-н тавьсан эхний саналыг хүлээж аваагүй Амстэрдамын баг довтлогчоо бага мөнгөөр явуулахыг хүсээгүй. Гэсэн ч Ливэрпүүл бууж өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд багийн хөлбөмбөгийн бодлогийн захирал Дамьен Комолли Амстэрдам руу нисч, Уругуайн довтлогчтой биечлэн уулзах гэж байгаа гэнэ. Түүнийг багтаа 12.7 сая фунтээр авах хүсэлтэй байгаа юм.

Аяксын хэвлэлийн төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа “Бид тэднийг илүү сайн санал тавихыг хүлээж байна. Манай баг Суарэзийг энэ улирлыг дуустал тоглуулах хүсэлтэй байгаа” гэж хэлсэн байна. Өнгөрсөн онд зохиогдсон дэлхийн аваргын гол баатруудын нэг маань Недэрландын багт 108 тоглолт хийж 81 гоолыг оруулаад байгаа аж. Мөн шигшээ багийнхаа өмнөөс 38 тоглолтонд орж 16 гоол оруулаад байгаа шилдэг довтлогч. Энэ үзүүлэлтээс нь түүний хэр сайн тоглогч вэ гэдгийг ядах зүйлгүй мэдэх боломжтой.

Харин түүнийг ингэж бага ханшаар үнэлж байгааг Аяксынхан ойлгохгүй байгаа юм. Багийн хэвлэлийн төлөөлөгч “Ердөө 15-хан сая евро. Дэндүү бага ханш. Тэр бол манай гол довтлогч байсаар 3 жил болж байна. Мөн тэр манай багийн шилдэг дамжуулалт өгдөг тоглогч. Өнгөрсөн зуны дэлхийн аваргаар тэр өөрийгөө хангалттай харуулсан. Манай багийн түүнтэй хийсэн гэрээ дуусахад 2 жил хагасын хугацаа үлдээд байна” гэжээ. Райан Бабэлиа явуулсан, мөн Торрэсоос өөр цэвэр довтлогчгүй байгаа “Улаанууд” хөлбөмбөгийг хөлөөрөө ч, гараараа ч сайн тоглодог довтлогчийг онилсоор л байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж