Бахрейны гран-при цуцлагдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Бахрейны гран-при цуцлагдаж магадгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Авто спортын хаан ангилал гэгддэг “Формула нэг”-ийн 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейны гран-при уралдаанаар эхлэх учиртай. Харамсалтай нь, уралдаан эхлэхэд ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед байдал хурцдаж эхэллээ. Учир нь Бахрейны хаант улсын нийслэл Манама хотод засгийн газрын эсрэг хөдөлгөөн гарч, өчигдөр л гэхэд гурван хүн амь насаа алдаад байна. Түүнчлэн хэдэн зуун хүн бэртэж, гэмтээд байгаа юм. Улмаар аюулгүй байдлыг хангах үүднээс гран-при уралдааныг цуцлах талаар яригдаж байгаа юм. “Формула нэг”-ийн багууд гуравдугаар сарын 3-6-ны хооронд Бахрейнд туршилтын гараагаа хийх бөгөөд ирэх долоо хоногт нь улирлын анхны уралдаандаа оролцох хуваарьтай. Гэхдээ тус улсад үүсээд буй нөхцөл байдал улирлын нээлтийн гран-приг цуцлахад хүргэж магадгүй байна. Мөн дээрхийн ижил шалтгаанаар энэ амралтын өдрүүдэд болох байсан GP2 Asia Series уралдааныг цуцалсан юм.

    Бахрейны гран-пригийн асуудлын талаар “Формула нэг”-ийн босс Берни Экклестоун байр сууриа илэрхийлж, уралдаан ном журмын дагуу болох эсэхийг ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ гэжээ. Тэрбээр өчигдөр Бахрейны угсаа залгах ханхүү Салман ибн Хамад ибн Иса Аль Халифатай холбогдож, дээрх асуудлаар ярилцсан гэнэ. Ноён Экклестоун “Бид энэ зүгт анхаарлаа хандуулж, даруй шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Ханхүү таны бас бидний мэдэж байгааг л мэдэж байна. Гэхдээ тэд нөхцөл байдлыг хяналтад авч, зохицуулахыг хичээж байгаа. Хэрхэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ” хэмээжээ. Ноён Берни Экклестоун, FIA буюу Олон улсын автомашины холбооны тэргүүн Жан Тодт болон Бахрейны угсаа залгамжлах ханхүү Салман ибн Хамад ибн Иса Аль Халифа нар уулзаж, эцсийн шийдийг гаргах ажээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж