
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 347 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг үндэслэн их, дээд сургууль, коллежид суралцагсдын сургалтын төлбөрт “Хүний хөгжил” сангаас 500 мянган төгрөг олгохоор болсон. Журам ёсоор сургалтын төлбөр хүссэн өргөдөл хүлээн авах хугацаа дуусахад долоо хоног үлдээд байна. Иргэд төрийн үйлчилгээний талаархи мэдээлэл хомсын улмаас хоцрох, илүү явдал, чирэгдэл гаргах тохиолдол цөөнгүй гаргадаг. Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалд 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагсад “Хүний хөгжил” сангаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх юм. Суралцагч нь сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд өгөх ба эцэг, эх, асран хамгаалагч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно. Хүсэлтэд суралцагчийн овог нэр, нас, хүйс, сургууль, мэргэжил, дамжаа зэргийг тодорхой дурдсан байх учиртай. Сум, хороо болон аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлт гаргасан суралцагчийн хувийн хэрэгт бичилт хийж, тухайн иргэний талаархи мэдээллийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ. Харин их, дээд сургууль, коллеж нь 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагчийн нэрсийн жагсаалтыг дэлгэрэнгүй гарган, Сургалтын төрийн санд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ юм. Улмаар Сургалтын төрийн сангаас их, дээд сургууль, коллежоос ирүүлсэн суралцагсдын нэрсийн жагсаалтыг Сургалтын төрийн сангийн мэдээллийн сантай тулган аймаг, сум, дүүрэг, хороогоор баталгаажуулж, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, санхүүжилтийн хуваарийг гаргуулах юм. “Хүний хөгжил” сангаас сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийг шилжүүлснээр суралцагчийн төлсөн төлбөр нь тухайн жилийн төлбөл зохих хэмжээнээс илүү гарвал их, дээд сургууль, коллеж илүү төлөгдсөн хэсгийг дараа оны сургалтын төлбөрт шилжүүлэн тооцно. Хэрэв суралцагч төгсөх дамжааны оюутан бол төлбөрийн зөрүүг буцаан олгох ажээ.
Ж.ГЭГЭЭ