
Алсын америкт амьдардаг энэ залуу өөрөө сонирхогчдын сумо бөхөөр хичээллэхээс гадна Монголын тамирчдыг тив, дэлхийн тэмцээнд оролцож, амжилт гаргахад нь гүүр болж өгдөгт нь олон хүн талархаж явдаг юм билээ.
Хэдхэн хоногийн өмнө гэхэд л тэрбээр өнгөрсөн жилийн улсын баяр наадамд түрүүлсэн, арслан Б.Ганбат, улсын заан Ц.Мягмарсүрэн, аймгийн арслан Т.Энхтайван нарын бөхчүүдийг АНУ-д урьж, тэндхийн бөхчүүдтэй туршлага солилцох журмаар хамтарсан бэлтгэл хийлгэж байна. Нутгийн дүүгийнхээ урилгаар Америк дахь япон сумог судалж яваа арслан, заанууд арав гаруй хоног тэндээ саатах гэнэ лээ.
У.Бямбажав Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггерийн зохион байгуулсан сумогийн тэмцээнд гурван удаа түрүүлж, Шварцнеггерийн хүлээн авалтад уригдаж явсан, Калифорни мужийн Карсон хотын “Хүндэт иргэн”, Лос-Анжелес хотын “Найрамдал” медалийн эзэн гээд бидний мэдэхгүй түүх ихтэй.
Бас тэр Холливудын алдарт найруулагчийн бүтээсэн “Ocean s thirteen” кинонд дүр бүтээж байсан азтай залуу. Жорж Клуни, Аль Пачино зэрэг Холливудын супер одуудын тоглосон энэ кинонд У.Бямбажав ёкозүна Акэбоно, Мусашимару нарын мэргэжлийн сумо бөхийн алдартнуудтай хамт оролцон тоглосон байдаг.