Тоска бүсгүйн эмгэнэлт хайр

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Тоска бүсгүйн эмгэнэлт хайр

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн бямба гаригт үзэгчээр дүүрэн байлаа. Энэ өдөр театр Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийг тоглосон юм. Хэдийнэ бидний танил болсон Италийн удирдаач Роберто Салвалаио симфони найрал хөгжимчдийг удирдаж, Италийн дуурийн дуучин Париде Пандолфо “Тоска” дуурьд тоглох учир үзэгчид ихэд сонирхож байв. Дуурийн эх орон гэгддэг Итали улсын дуурийн дуучин, удирдаач Монголд ирж Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийг тоглох учир мэдээж үзэгчдэд сонирхолтой санагдсан биз. Зуун жилийн түүхтэй гурван бүлэг, гурван үзэгдэл бүхий “Тоска” дуурь нь Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Кавардосси өөрийн зурсан Магдалена эх дагины хөргийн харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширч буйгаар үйл явдал эхэлдэг. Энэ дуурь нь бусад дууриудаас хурц шийдэл, зохиомжоороо ялгардаг байна. Дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллихи нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураач Кавародосси шоронгооос оргосон эх оронч Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлнэ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэдэг.

Тэр үед Австрийн дарангуйлагчдын эсрэг өрнөж байсан эх орон ч хөдөлгөөн Ж.Пуччинид илүү их нөлөөлсөн байна. Энэ дуурьд болж буй үйл явдал, дүрүүд нь аль ч нийгэмд байдаг бодит дүрүүд ба урлагийн хэлээр хүмүүст сайхан муухайн, бас сайн мууг харуулж байдгаараа онцлог. Хэдийгээр зуугаад жилийн өмнө энэ дуурийг анх тоглож байсан ч одоо ч хуучраагүй хэвээр. Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна. Энэ гайхалтай дуурийг анх Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа  1981 онд тоглож байсан юм.

Тус дуурийн гол эзэн болох  үэсгэлэнт Тоска бүсгүйн дүрийг театрын гоцлол дуучин  Ардын жүжигчин Б.Жавзандулам амилуулдаг байсан бол энэ удаа гол дүрд  театрын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа тоглов.  Венец дахь Марчеллогийн нэрэмжит Консерваторийн дуулаачийн анги, 2006-2008 онд тус сургуулийн магистрт тус тус суралцаж төгссөн, дэлхийн болон үндэсний 20 гаруй сонгодог дуурийн гол дүрүүдийг бүтээсэн Б.Эрдэнэтуяа нь энэ үдэш үзэгчдийг жинхэнэ бишрүүлсэн. Ялнагуяа дуурийн хоёрдугаар бүлэг дээр тэр тайзыг эзэгнэж байлаа. Харин түүний дурлалт залуу болох зураач Марио Каварадоссид соёлын тэргүүний ажилтан Ц.Доржсүрэн тоглов. Хорон муу санаат гүн Скарпьягийн дүрд Италийн дуурийн дуучин Париде Пандолфо тоглосон бөгөөд тэр тайзнаа өөртөө итгэлтэй бардам, ихэмсэг харгадаж байв. Өөрийн төрөлх хэл дээрээ дуулж байгаа болоод ч тэр үү эсвэл олон удаа энэ дуурьд дуулж байсан туршлагтай учир уу, жүжиглэлт, дуулалт гээд бүгд нь “мундаг” байсан. Үзгэчид ч түүнд харамгүй алга ташилтыг илгээж байсан юм. Хорон санаатай хэдий ч ихэмсэг гүн Скарпьягийн дүрд тэр итгэлтэй тоглож байсан. Энэ үдшийн бас нэгэн эзэд нь симфони найрал хөгжимчид, удирдаач Роберто Салвалаио байв. 

“Насанд хүрэгчдийн” гэх хэлж болох энэ дуурийн анхны тоглолт болсноос хойш нэлээд шуугиан тарьсан гэдэг. Учир нь энэ дуурийг хэтэрхий их аллага цус мөн сексийн агуулгатай хэмээн шүүмжилж байв. Зураач Кавардоссиг тамлан зовоох, орилох чимээ, хэт их хүсэл тачаал, илэрхий үзүүлэх хүчирхийллийн шинжтэй үзэгдлүүд, цуст аллага, амиа хорлолт гээд урьд хожид гарч байгаагүй үзэгдлүүд энэ дуурьд гардаг аж. Дуурийн үйл явдлын тухайд зураач Кавардосси, хувьсгалын үйл хэргийг дэмжиж шоронгооос оргосон эх оронч Анжелоттиг гэртээ аваачиж худагт нууна. Энэ үеэр түүний сүйт бүсгүй үзэсгэлэнт Тоска ирж, дарь эхийн зургийг үзээд Кавардоссийг хардаж эхэлнэ. Мөн энэ үед цагдаагийн ахлагч Скарпья ирж Тоскагийн бухимдлыг далимдуулан Каварадоссиг сэжиглэж эхэлнэ. Цагдаагийн ахлагч Скарпья Тоска бүсгүйд сэтгэлтэй болж, түүний хайрт залуу Каварадоссиг баривчлан байцааж эхлэв. Кавардоссийг хичнээн тамлан, зовоосон ч Анжелоттигийн нуугдсан газрыг тэр үл хэлнэ. Цагдаагийн ахлагч Скарпья Тоскаг өөрийн болгох хорон муу санаагаа хэрэгжүүлж Тоскаг ажлын өрөөндөө авчирна. Тоска хайртай залуугийнхаа тамлагдан зовж байгаа дууг сонсоод тэсвэр алдан оргодол Анжелоттиг хаана нуусан газрыг цагдаагийн ахлагч Скарпьяд хэлснээр бүх зүйл буруу тийшээ эргэдэг байна. Цагдаагийн ахлагч Скарпья зураач Кавардоссид цаазаар авах ял оноон шоронд хорино. Энэ үед Тоска Скарпьягаас Квардоссийн амийг хэлтрүүлэхийг гуйтал Скарпья өөрийн эртний хүслийг биелүүлэхээр шийдэж Кавардоссийн амийг аварсны хариуд Тоскаг өөртэй нь гэрлэх болзолыг тавив. Хэрэв Тоска түүнийх болбол Кавардоссийг суллана гэсэн амлалт өгч бичиг үйлдэж өгнө. Тоска гаднаа зөвшөөрсөн мэт жүжиглэж Скарпьягаас өнөөх бичгийг аван ширээн дээр байсан хутгаар түүний амийг хорооно. Гэтэл өнөөх амлалт өгсөн бичиг хуурамч гэдгийг Тоска үл мэднэ. Кавардоссийн амьд явах хугацаа бага үлдсэн учир хайрт бүсгүй Тоскадаа захидал бичиж суутал Тоска хүрч ирэн, удахгүй хамтдаа байх тухай ярьж, түүнд Скарпьяг алсан тухай, удахгүй суллагдах тухай сэтгэл догдлон ярина. Тоска Кавардоссийг хуурамчаар буудах үед цэргүүдийг яван явтал үхсэн мэт байхыг дахин, дахин захина. Кавардосс ч Тоскатай хамт зугтаж чадна хэмээн итгэж цэргүүдтэй хамт цаазын яллах газар очиж зогсоно. Хажуухан талаас нь Тоска нуугдан хайртай залуугаа харна. Буун дуу гарч, Кавардосситойгоо уулзахыг тэсэн ядан хүлээх Тоска бүсгүй цэргүүдийг явсны хайрт дээрээ очно. Гэтэл…Кавардосси амьсгал хураасан байв. Каварадссийн цогцсыг тэврэн, уйлж суух Тоскаг цэргүүд баривчилахаар иржээ. Цагдаагийн ахмад Скарпьяг алсан хэргээр түүнийг баривчилхаар ирсэн нь энэ аж. Хамгаас хайртай залуу нь нас барж, бүх зүйл дуусч байгааг ухаарсан Тоска бүсгүй сүмийн орой руу зугтаж “Скарпья эрлэгийн үүдэнд уулзъя” хэмээн хэлээд цамхагаас үсрэн амиа хорлосноор Тоска бүсгүйн эмгэнэлт хайрын түүх төгсдаг аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж