Баталсан хууль хэрэгжих ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Баталсан хууль хэрэгжих ёстой гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гол мөрнүүдийн нэгдсэн хөдөлгөөний зүгээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны шүүхэд өгсөн юм. Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг УИХ-аас батлаад хоёр жил болж байхад хуулийн хэрэгжилт 0 хувьтай байна. Мөн уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар асуудал хөндөгдөж эхлээд байгаа юм. Өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаан боллоо. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдорж, Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллүүд шүүх хуралдаанд оролцохоор ирсэн юм.

    Харин хариуцагч талаас БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан өмгөөлөгчийн хамтаар хүрэлцэн ирсэн байв. Гэвч шүүх хуралдаанд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт хөдөө албан ажлаар явж байгаа гэсэн шалтгаанаар хүрэлцэн ирсэнгүй. Үүний улмаас шүүх хурлыг ирэх сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан. Харин Гол мөрнүүдийн нэгдсэн хөдөлгөөний төлөөлөгчид шүүх хурал хойшилж байгаа нь цаг хожсон булхайтай үйл явдал болж байна хэмээж байлаа.

    Энэ үеэр бид урт нэртэй хуулийн хэрэгжилт, хөдөлгөөнүүдийн тавьж байгаа шаардлагын талаар БОАЖЯ-ны дэд сайд Ч.Жаргалсайханаас тодруулахад “УИХ-аар хэлэлцэж баталсан хуулийг хэрэгжүүлэх л ёстой” гэсэн товчхон хариултыг хэлсэн юм.

    Түүнчлэн уг хуулийг хэлэлцэж батлахад иргэний хөдөлгөөнүүд гар бие оролцож, тодорхой хэмжээний зардал гаргасан тул Засгийн газраас 68 сая төгрөгийг нэхэмжилж байгаа аж. Гэвч тэд хууль батлахад гарсан бүх зардлыг бүхэлд нь нэхэмжлээгүй гэдгээ хэлж байна. Энэ үеэр бид мөн Байгаль хамгаалах Салхин Сандаг холбооны тэргүүн Ж.Түдэвдоржтой уулзлаа.

    -Өнөөдөр уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас үүдээд гол мөрөн, нуурууд ихээр ширгэж, байгаль орчин, бэлчээр ихээр сүйдэж байна. Үүгээр зогсохгүй хүний эрүүл мэнд, цаашид ажиллаж амьдрах нөхцөл байдлыг алдагдуулж байна.
    Бид нэхэмжлэлдээ голын ай савд учирсан хохирлыг хоёр сарын дотор тооцоолон ард түмэнд мэдээлэх, Мөн голуудын учирсан хохирлыг Засгийн газраар төлүүлэх, Голын ай сав газрын нөхөн сэргээлтийн ажлыг Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнд хариуцуулж өгөх, хууль батлахад гарсан зардал болох 68 сая төгрөгийг иргэний хөдөлгөөнд буцаан олгох гэсэн дөрвөн нэхэмжлэл байна. УИХ гаргасан хуулиа мөрдөх хэрэгтэй гэв.

    Б.Алтансүх
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж