Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр энэ сарын 23-нд тус улсын Цюрих хотноо хүрэлцэн ирлээ. Швейцарь улс 7.7 сая хүн амтай. Төв Европын энэ улс банк санхүүгийн үйлчилгээ,  аялал жуулчлал, аж үйлдвэр, тэр дундаа химийн бүтээгдэхүүн, цаг, машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжлөөрөө  дэлхийд алдартай. Үзэсгэлэнт байгаль, өндөр хөгжсөн төмөр зам, дээд зэргийн чанартай үйлчилгээ зэргийнхээ ачаар жилд 8 орчим сая жуулчин хүлээн авч байна. Хэдийгээр ихэнх банк санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны цар хүрээгээрээ бага боловч, найдвартай, мөн нууц хадгалалт өндөр түвшинд байж чаддаг гэдэг үзүүлэлтээр нэрд гарч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг юм. 4000 орчим банк санхүүгийн байгууллага ажиллаж байна.

Бараг бүх оронтой гадаад худалдаа хийдэг. Түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн Швейцарийн экспортод өндөр хувь эзэлж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 58 мянган ам. доллар байна.  Швейцарь шууд ардчиллын жишиг болсон улс юм.  Аливаа шийдвэр, хууль дүрмийг иргэдийн оролцоотойгоор, санал асуулгаар  гаргаж, олон нийтийн санал санаачилгыг төрөөс дэмждэг. 1848 онд Үндсэн хуулиа баталж, Швейцарийн дээд засаглал ард түмний мэдэлд байна хэмээн заасан бөгөөд тэр нь бүх нийтийн санал асуулга хэлбэрээр хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр тус улсын парламентын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Жан Рене Жермание, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч хатагтай Мишелин Кальми-Рэй нартай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцах болно. Мөн Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мартин Дахинден Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана. Манай төлөөлөгчид Ааргау кантон муж-ы “Шууд ардчиллын төв”-д зочилж, тус мужийн Засгийн газрын албаны хүмүүстэй уулзана.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж