“Хүний нутгаас диваажинг хайхаас өөрийн нутгийг диваажин болгоё” хэмээсэн эрхэм уриатай Дорнод аймгаас Улаанбаатар хотод сурч, ажиллаж байгаа Оюутан Залуучуудын нэгдсэн холбооноос санаачлан аймгийнхаа 80 жилийн ойг угтаж өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй болгох, мэдээ мэдээллийг түгээх зорилгоор www.dornod.net вэб сайт ажиллуулж эхэллээ. Тус нэгдсэн холбоо нь оюутан залуучуудынхаа ашиг сонирхол, эв нэгдлийг илэрхийлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, түүх соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагджээ. Нэгдсэн холбоог Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа нутгийн зон олон, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар дэмжиж ажилладаг бөгөөд тус холбооны залуучууд 2011 оныхоо төлөвлөгөө гарган ажилдаа ороод байгаа аж.