
Эх орны хишгийг “ХААН”, “Хадгаламж”, “ХАС” банкны салбаруудаар олгож байгаа аж. Өмнө нь иргэд хувь хишгээ хотын төвд байрладаг аль ч банкны салбараас авч болдог байсан бол энэ удаа 21 мянган төгрөгийг тухайн дүүрэг, хорооны банкны салбараар л олгож байгаа юм. Зарим дүүрэгт тус бүр нь 10 орчим мянган иргэнтэй 2-3 хорооны иргэд нэг банкны салбараас мөнгөө авч байгаа тохиолдол бий гэнэ. Энэ нь иргэдийг өглөөнөөс орой хүртэл дугаарлахад хүргэж байгаа бөгөөд тэд “Мөнгөө л авч байвал энэ зэргийг тоохгүй” хэмээн “гүрийж” байгаагаа хэлж байлаа. Биднийг Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хадгаламж” банкны салбар дээр очиход 21 мянган төгрөгөө авах гэсэн иргэд мөн л урт дараалал үүсгэсэн байлаа. Тэдний дунд хүүхдээ тэвэрсэн эх, таяг тулсан хөгшин ч цөөнгүй харагдана. Бидний уулзсан иргэн С.Баясгалан л гэхэд өглөөний 10.30 цагийн орчимд энд ирээд 12.00 цаг өнгөртөл дугаарлан зогсчээ. Иргэд баяр болоход 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа болохоор түүнээс өмнө “21 мянгаа авч, баярын бэлтгэлээ базаах гэсэн юм хэмээж байв.
Эх орны хишгийг олгож буй банкууд энэ өдрүүдэд олон нийтэд үйлчлэх теллерийн тоогоо нэмсэн бөгөөд банкны салбар бүрт 8-10 теллер үйлчилж байгаа ажээ. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн Сонгинохайрхан зарим иргэнтэй уулзаж 21 мянган төгрөгийг олгох явц ямар байгааг асуулаа.
-Манай дүүрэгт 21 мянган төгрөгөө авах гэсэн иргэд банкны салбаруудад багтахгүй байгаа. Бусад дүүргүүдэд харьцангуй гайгүй байгаа гэсэн. Уг нь банкин дээр олон хүн үйлчилж байгаа харагддаг. Тэгсэн мөртлөө ачаалал нь их байна. Хамгийн гол нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон цагаар зогсоод хэцүү байгаа. Манай гэр бүлийн зургаан хүн мөнгөө авсан. Би банкин дээр бараг гурван цаг зогссон. Цагаан сар болох гэж байгаа болохоор энэ мөнгөө ойр зуурын бэлтгэлээ хийхэд зарцуулна гэв.
Банкны үүдэнд зогсох иргэдээс “Та бүхэн 21 мянган төгрөгөөрөө бизнес хийх талаар бодож үзэв үү” хэмээн лавлав. Өнгөрсөн оны турш эдийн засгийн наад захын мэдлэггүйгээрээ дуудуулж, инфляци өссөний гол буруутнаар цоллуулсан УИХ-ын гишүүдийн бодож олсон “мэргэн санаа” энэ удаад амжилт олохгүй нь хэд, хэдэн хүнээс “үгүй” гэсэн хариултыг сонссоны дараа тодорхой болов. Учир нь иргэд “40, 50 хүн нийлээд бизнес хийнэ ч гэж юу байх вэ. Тэгээд ч яаж авахыг нь мэдэхгүй байгаа. Цагаан сар болох гэж байгаа болохоор мөнгөө бэлнээр нь авах нь дээр” хэмээн хариулах аж. Аргаа бараад “Тэгвэл та эх орны хишгээрээ бизнес хийх гэж байгаа өөр хэн нэгнийг мэдэх үү. гэж асуухад мөн л “үгүй” гэх хариултыг өгсөн юм. Гэхдээ Монголын уламжлалт баяраа эх орны хишгээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр ийн дугаарлаж байгаа иргэдийн зарим нь “Төр засгаас ард иргэддээ бэлэн мөнгө тарааж байгаа нь зөв” хэмээснийг төрийн түшээдэд дамжуулж байгаадаа таатай байна. Зарим байгууллагууд “Ард иргэдэд бэлэн мөнгө тараах нь зөв үү” гэсэн асуулттай судалгааг нийгмийн янз бүрийн давхаргынхнаас авсан юм байх. Харин иргэд дээрх хариултыг өгч байгаа нь “Монгол Улсын иргэдийн олонх нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, ер нь л тааруухан амьдарч байгаагийн шинж” хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм билээ. Хэдэн цагаар зогссоны эцэст мөнгөө аваад гарч байгаа иргэд байхад бас “Таны дансанд мөнгө ороогүй байна” гэх хариултыг зарим нь сонсч байхтай таарсан юм. Банкны ажилтнууд энэ тохиолдолд иргэдэд “Харъяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс асуу” гэх зөвлөгөөг өгч байгаа аж. Гэхдээ өнгөрсөн онд 50 мянган төгрөг олгох үеэр Монгол Улсын нийт иргэд зөрчлөө арилгасан бөгөөд ийм тохиолдол цөөн гарч байгааг энд онцлох хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Батжаргалаас энэ талаар тодрууллаа.
-Зарим иргэний 21 мянган төгрөг дансанд нь ороогүй байгаа бололтой. Сүхбаатар дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтэст ийм асуудалтай хүмүүс хэр ирж байна?
-Өдөрт цөөн хэдэн хүн л ийм асуудлаар хандаж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдчихсан мөртлөө мөнгө нь орохгүй байгаа тохиолдол бараг гарахгүй байгаа. Мөнгө нь орохгүй байгаа бол бичиг баримтын ямар нэг зөрчилтэй байж болох юм. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр тухайн иргэн бичиг баримтын зөрчлөө бүрэн арилгуулсан гэсэн үг биш юм билээ.
-Өнгөрсөн оны сүүлээр 50 мянган төгрөг цувруулан олгох үеэр иргэд зөрчлөө бүрэн арилгуулсан юм биш үү?
-Ерөнхийдөө зөрчил нь арилсан. Одоо мөнгө нь орохгүй байгаа бол тухайн иргэний нэр, материалыг холбогдох газраас нь өгөөгүй, мөнгө нь банкинд ороогүй байж болно. Тиймээс иргэд мөнгө авах банк дээрээ 2-3 хоногийн дараа дахин очих хэрэгтэй. Хэрвээ энэ хугацаанд орохгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авахаас өөр арга байхгүй.
Зохиогчийн эрх: