Огцруулах шаардлагыг дахин тавих гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Огцруулах шаардлагыг дахин тавих гэнэ

Д.Зоригт сайдын зов­лон дуу­сахгүй нь бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар Д.Зоригт сайдтай улс төрийн хариуцлага тооцох, огцруулах асуудлыг дахин тавихаар сэм тохиролцжээ. Тэдэн дээр УИХ-ын гишүүн З.Энхболд хүч нэмэх ажээ. Тэрбээр уг асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ “Хэрэв Д.Зоригтыг огцруулахгүй бол УИХ эвгүй байдалд орно” хэмээж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Д.Зоригтыг огцруулах 10 баримт бий” хэмээсэн нь олон хүнийг цочроосон. Тэрбээр зөвхөн сэтгэлийн хөөрлөөр ингэж хэлчихээгүй нь ойлгомжтой. Тэртэй тэргүй ойрын үед явуулж буй “стандарт бус” үйл ажиллагаануудаараа нийгмийн тодорхой хэс­эгт таалагдаж эхлээд байгаагаа мэдэрсэн түүнд баримт байгаа учраас ийнхүү зоригтой дуугарсан нь лавтай. Тиймээс 10 баримтаа атгаад Д.Зоригтын эсрэг бүлэгт хүч нэмэх нь тодорхой болоод байна. Ийнхүү Д.Зоригтыг огцруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүдээс дахин оруулж ирвэл энэ нь тоглоом биш шүү. Нэг сайдын асуудлыг ийнхүү олон дахин оруулж ирэх нь Засгийн газарт ч, түү­нийг хамгаалж буй УИХ-д ч хортой. Тэртэй тэргүй Д.Зо­ригтыг огцруулаагүй нь УИХ-ыг олон нийтэд муухай харагдууллаа шүү дээ. Гэтэл дахиад асуудал босч ирвэл яах вэ. Дахиад авч үлдэх үү. Хэрэв тэгвэл УИХ, Засгийн газрын нэр хүнд ойрын үед байгаагүйгээр унаж, мөддөө босохооргүй хүнд цохилтод орох болно. Иймд Д.Зоригт сайдыг огцруулах талаар дахин асуудал тавибал гар­цаагүй огцруулахаас аргагүй. Үүнийг мэдрээд “Өс хадгалсан най­зууд” нь Д.Зоригтоор, цаа­шилбал Засгийн газраар наадахаар шийджээ. Засгийн газрыг огцруулах асуудал зөвхөн Д.Зоригтоор төгсөхгүй нь лавтай. Учир нь Д.Зоригтын асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаан дээр  Б.Бат-Эрдэнэ  гишүүн “Өм­нө нь С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг тавьсан ч Ерөнхий сайд түр байж бай гээд болиулсан” гээд намын даргаа илчилчихлээ. Тиймээс дээрх нэр бүхий гишүүд сайд нартайгаа хариуцлага тооцдоггүй Засгийн газраа УИХ хэдэн удаа хамгаалж үлдэхийг нь харахаар санаа нэгдэж, зориг шулуудсан бололтой. Ийм тохиолдолд дотроо зөрчилтэй байгаа МАН-ын нэр хүнд унаж, зөрчлөө тас нуухын зэрэгцээ сөрөг хүчнийг үгүйлэн санагалзах байдал  өөрсдийнх нь оролцоогүйгээр аяндаа үүсч буйг харан инээд нь хүрч суугаа АН-ынхны нэр хүнд өсөх хандлагатай байна. Харин гурван сайдаа золигт гаргаад улс төрийн байр сууриндаа “реформ” хийх эсэх нь тэдний л асуудал.

Ямартай ч өнгөрсөн долоо хоногийн гол дуу­лианыг тарьсан энэ асуудал улс төрийн хамгаалалтад бүрэн найдаж тайвширсан МАН-ынхныг сандаргалаа. Дээр нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал салбарыг толгойлогчийн асуудлыг  хэрхэн ший­дэхийг  олон нийт анхаа­ралтай ажиглаж байгаа нь сонгогчдын идэвх, үнэлэлт дүгнэлт ямар байгааг харуулав. Үүнийг мэдэрсэн эрхэм гишүүдийн тавьж байгаа асуулт, саналууд хурц шүүмжлэл, хатуу үгсээр дүүрсэн бөгөөд цаашид нөхцөл байдал улам хурцдахын дохио болов.  Энэ  хаврын улс төр ингэж эхэллээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж