18 дахь түрүү, гурав дахь хүүхэд

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

18 дахь түрүү, гурав дахь хүүхэд

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр өндөрлөж, Хакүхо М.Даваажаргал Эзэн хааны цомыг 18 дахиа хүртлээ. “Цагаан гарьд”-ын замд Кисэносато хөндөлссөн ч бусдыг нв илүүрхэн давсанаар 14-1 амжилт үзүүлсэн юм. Сонирхуулахад өнөө өглөө Токиогийн нэгдүгээр эмнэлэгт монгол аваргын эхнэр Вада Саёко амаржиж, гурав дахь хүүхдийг нь төрүүлж өгчээ. Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 3.4 кг жинтэй охин төрсөн гэнэ.
Энэ сард анх удаа кадобанд орсон озэки Харүмафүжи цолоо хамгааллаа. Башёгийн 13 дахь өдөр озэки Кайогоор найм дахь ялалтаа байгуулсан тэрбээр үлдсэн хоёр өдөр төдийлөн хичээсэнгүй. Энэ нь биеийн байдал, гэмтэлтэй нь холбоотой биз ээ. Харин Монголын бөхчүүдээс комосүби Какүрюү М.Анандыг магтахгүй байхын аргагүй. Эхний дөрвөн өдрийн барилдаанаас нэг ч ялалт байгуулаагүй тэрбээр яван чангарсаар 50 хувийн амжилтаа биелүүлж чадсан юм. Хацү башёгийн макүүчи зиндаанд Монголын 12 бөх зодоглосноос Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нараас гадна Токүсэгава Б.Ганболд, Хакүба А.Өнөржаргал, Шотэнро Д.Нямсүрэн, Коорюү Э.Мөнх-Оргил, Мооконами Г.Базарсад нар “улаан зураас” давж, Тамаваши Б.Мөнх-Оргил, Асасэкирюү Б.Дашням, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар Харү башёд чансаа уруудан барилдах боллоо. Хацү башёгийн “Гарамгай барилдаан”-ы шагнал Кисэносато, “Дайчин барилдаан”-ы шагналыг Окиноүми, “Техниктэй бөх”-ийн шагналыг Котошёгикү хүртэв. Гуравдугаар сарын барилдаан 13-27-нд Осака хотод болно.

Д.Нанжид

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж