Шантаажны улстөрчдийг намаас зайлуулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Шантаажны улстөрчдийг намаас зайлуулах хэрэгтэй

МАН-ын “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн
улс төрийн зөвлөх Ж.Мөнхбаттай ярилцлаа. Өнөөдөр тус холбооноос “Шударга
ёс, эв нэгдлийн төлөө” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд хийх гэнэ.

-Танай залуучуудын холбоо жагсаал хийх гэж байгаа гэж сонслоо. Ямар учраас гэнэт жагсаж цуглах болов?

-МАН-ын залуучуудын холбоо болон, оюутны байгууллага хамтраад
Сүхбаатарын талбайд өнөөдөр 10.00 цагаас “Шударга ёс, эв нэгдэл” цуглаан
хийнэ. Учир нь өнөөдөр манай намд шударга ёс, эв нэгдэл алдагдсан
байна. Зөвхөн МАН-д ч биш, Монголын төр, улс төрийн орчин, нийгэмд
шударга ёс, эв нэгдэл алдагдаж байна. Үүний төлөө залуучууд үгээ хэлж,
хүчээ нэгтгэе гэж байгаа юм. Манай нам шударга, эв нэгдэлтэй байж улс
төрийн орчин цэвэр тунгалаг, эв нэгдэлтэй, төрийн бодлого нь зөв шударга
болж, нийгэмд ч энэ нь тусгалаа олно. Тэр утгаараа бид үгээ хэлэхээр
шийдсэн. Сонголтоо хийгээд явж байгаа хүмүүсийг ардчилсан нийгэмд
хүндэтгэх ёстой. Бид тэр хүмүүстэй ямар нэг зүйл яриагүй. Гэтэл өнөөдөр
МАН-ын Бага хурлын гишүүн, энэ намаас УИХ-д сонгогдсон гишүүд нь
залуучуудаа ална тална гэж заналхийлдэг, айлган сүрдүүлдэг, дарамталдаг
буруу жишиг тогтож байна. Бүхэл бүтэн төрийн эрх барих дээд байгууллагын
гишүүн хүн, бас нас тогтсон намбатай хүмүүс залуучуудаа захиалгат
нэвтрүүлэг, сонин хэвлэлээр гүтгэн балбадаг зүй бус жишиг МАН-д газар
авч байна. МАН бол Монголын эх орончдын, ард түмний хүсэл зоригоор
байгуулагдсан, улс эх орны хөгжлийн хувь заяаг нуруундаа үүрсэн түүхэн
гавьяатай том нам. Ийм том намд ийм зүй бус хүмүүс, зүй бус улс төр, зүй
бус зүйл байж болохгүй гэж залуучууд үзэж байна. Залуучууд энэ намыг
итгэл үнэмшлээрээ сонгож аваад, түүнийхээ төлөө зүтгэж яваа. Тиймээс бид
цэвэрхэн намд цэвэрхэн баймаар байна. Ах нартаа янз бүрээр баалуулдаг
боллоо, бүр дүүргийн Залуучуудын холбооны даргыг шударгаар өрсөлдөөд
гаргасны төлөө өөрийнх нь хүнийг тавьсангүй гэж уурлахдаа “ална тална”
гэж сүрдүүлдэг, “та нарыг үнсэн товрого болгоно” гэж дарамталдаг хачин
хачин үзэгдлүүд газар авч байна. Монголын улс төрд, манай намд байгаа
шантаажчингуудаас салах цаг болж. Иймээс бид их цэвэрлэгээг эхлүүлье гэж
байгаа. Намд байгаа зүй бус улс төр, зүй бус улстөрчдийг цэвэрлэхийн
төлөө залуучууд бид тэмцэнэ. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэмцэнэ.  
 
-Их цэвэрлэгээ хийнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Энэ чинь бас нэг хэлмэгдүүлэлт биш биз дээ?
-Ийм хүмүүсийг намд байлгах шаардлагагүй. Залуучуудын байгууллага нь
арга хэмжээ зохион байгуулаад, хамаг л сэтгэл зүрхээ зориулаад, тав
арван төгрөгөө гаргаад, ганц нэг ундаа усаа тавиад урьдаг. Ирдэггүй,
тоодоггүй. Ирсэн ч зангиа хоолой хоёроо засч ярвайж сууж байгаад яваад
өгдөг. Энэ ихэрхсэн томчууд намын төлөө, намынхаа сурталчилгаанд нь нэг ч
төгрөг харахгүй явж, цас бороонд норж, хаврын хавсаргад хайруулж
үзээгүй мөртлөө ингэж яваа залуучуудаа нулимдаг шударга ёс уу. МАН-ыг би
ард түмний нам, ард түмний хүүхдүүдийн нам гэж ойлгож байгаа. Тиймээс
энэ намд ийм зүй бус жишиг тогтоож байгаа хүмүүсийг явуул, улс төрийн
хариуцлага тооц гэж шаардаж байгаа юм. Намын дарга, намын Удирдах
зөвлөл, бүлэг, Хяналтын хороондоо хандаж, тэдэнд хариуцлага тооцооч
гэдэг шаардлага тавьж байгаа юм. Залуучуудаа хэрэгтэй үедээ ашиглачихаад
бэлгэвч шиг хаядаг, эргээд тэдэн лүүгээ нулимдаг, дэвсдэг байж
болохгүй. Намд шударга ёс алдагдсан байна. Удирдах зөвлөлд оруулсангүй
гэж, Байнгын хорооны дарга болгосонгүй гэж, ямар нэгэн албан тушаал
өгсөнгүй гэж, ар гэр авгай хүүхэд, ах дүүг нь ажил төрөлд оруулсангүй
гэж эргээд намаа шантаажилдаг боллоо. Тэр шантаажаараа далимдуулж хүссэн
зүйлээ авдаг ч болсон байна. Одоо үүнээс салах цаг болсон. Бид үүнийг л
цэвэрлэе гэж байгаа юм. Ийм улстөрчид намын эв нэгдлийг алдагдуулж
байна. Нам гэдэг өөрөө дотоод дүрэмтэй. Төрийн бодлого тодорхойлж, эрх
барьж байгаа нам дотроо эвтэй, шударга байх ёстой. Үүнийг л залуучууд
хүсч байна. Зөвхөн энэ намын ачаар УИХ-д суусан, сайд болчихсон
хүмүүсийн нам биш биш шүү дээ. Цаана нь мянга мянган гишүүн байна.
Мянган, мянган залуучууд байна. Цаг нь болохоор залуучууд энэ намыг ч
явна.

-МАН-ын арын албанд зүтгэдэг залуучууд эрх ашгаа хамгаалахаар, намаа аврахын тулд жагсау цуглахдаа тулсан хэрэг үү?
-Тиймээ. Бид өмнөх үеэсээ цэвэр нам авмаар байна шүү дээ. Өөрсдөө улс
төрийн цэвэр орчинд орж, цэвэр баймаар байна. Залуучууд өөрсдөө хүссэн
хүсээгүй тэднийг дагаж, хоёр хуваагдан талцаад байх ёстой юм уу. Өмнө нь
ийм жишиг тогтчихсон л байсан. Жишээ нь Н.Энхбаяр гэдэг хүн байна. Энэ
намын ач буянаар төрийн сууж болох бүх сэнтийд сууж, зүүж болох бүх
сэтрийг нь зүүсэн хүн. Энэ хүн маш их эд баялагтай. “Зууны мэдээ”, “TV9”
гээд бүгд мэдэж байгаа. Сүхбаатар хэвлэх үйлдвэр байна. Төрийн ордны
баруун талын “Өргөө” зочид буудал гэх мэтчилэн хүн бүрийн мэдэх энгийн
жишээ олон. Энэ их өмч хөрөнгийг юунаас авч, яаж бий болгосноо ард
түмэндээ хэлэх хэрэгтэй. Тийм л их өрөө төлөх гээд байгаа юм бол
буцаагаад ард түмэндээ өгчих. Нэг их гэгээн гэнэн юм ярьж, луйвардаж
авсан хэвлэлээрээ гүтгэлэг хийгээд сууж байхаар. Энэ хүмүүсийн үндэс
суурийг нь тавьсан авлигын хана хэрэм, аалзны тор өнөөдөр ч тасраагүй
байна. Тэр торыг тасалж, хана хэрмийг нураах ёстой. Үндэс ёзоороор нь
устгах ёстой. Тэгж байж улс төрийн нам, Монголын улс төр, нийгэм
цэвэршинэ. Тийм учраас энэ шударга ёс, эв нэгдлийн төлөө залуучууд
нэгдэж байна. Намыг улс төрийн жижиг өс хонзон тайлах маягаар зориудаар
хагалан бутаргаж байгаа хүмүүсээс салах хэрэгтэй. Улстөрч хүн өс хонзон
санаж явах ёсгүй. Харин ч ард түмнийхээ зарц нь байх ёстой. Ард
түмнийхээ төлөө үйлчилж, тэдний төлөө юм хийдэг, зүтгэдэг хүн байх
ёстой. Түүнийх нь хариуд ард түмэн, нийгэм тэр хүнийг шагнадаг, дэмждэг
байх ёстой гэж би ойлгодог. Өөр намынхантай нийлж намаа хагалдаг байж
болохгүй. Ногоон намын С.Молор-Эрдэнэ гэдэг нөхөр Н.Энхбаяртай өглөө
болгон, долоо хоног бүр уулзаж, зөвлөгөө авч байгаа, шинэ нам байгуулах
гэж байгаа гээд ярьж байна лээ. Хормойд нь, сэтгэлд нь салхи орчихсон
хүүхнийг хэзээ ч тогтоодоггүй гэж үг байдаг. Түүн шиг нэгэнт л сэтгэлд
нь салхи орчихсон улстөрчийг явуулах ёстой. Иймээс бид явуулаач,
хариуцлага тооцооч гэж байгаа юм. Бид өнөөдөр Д.Тэрбишдагва, 
Ц.Даваасүрэнд гэм хийгээгүй. Монгол Улсад байгаа бүх болж, бүтэхгүй зүйл
хээл хахууль, хүнд суртал, албан тушаалын наймааг өөрсдөө
цэцэглүүчихээд, өөрсдөө гаргаж ирчихээд одоо нэг их энхийн цагаан тагтаа
шиг зүйл яриад байж болохгүй. Д.Тэрбишдагва л гэхэд анх дэд сайдын
суудалд суухдаа албан тушаалын наймаа цэцэглэх эхлэлийг тавьсан. Тэгээд
хахуульдаад, шантаажлаад сурчихсан юм шиг байна лээ.

-Үнэндээ УИХ-ын дөрвөн гишүүн намын даргадаа өргөх бичиг барьснаас болж л танай намын залуучуудын жагсах гэж байгаа юм биш үү?
-Тэгж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүн ч бай, жирийн гишүүн ч бай үзэл
бодлоо илэрхийлж, намын даргаа шүүмжлэх нь чөлөөтэй. Хамгийн гол нь
залуучуудаа ад үзээд “ална тална” гэдэг юу гэсэн үг вэ.  Бид тэр хүмүүст
ямар ч гэм хийгээгүй. Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдага  хоёрыг сонгуулиар
УИХ-ын гишүүн болоход нь залуучууд бид нойр хоолгүй, таван төгрөг
авалгүй л зүтгэж байсан. Үүнийхээ төлөө ингэж дэвслүүлж, нулимуулах
ёстой юм уу. Нөгөө талаасаа өнгөрсөн хэд хоногт  маш олон телевиз,
хэвлэлээр залуучуудын холбооноос айж байна, миний өөдөөс турхирах нь гэх
мэтээр ярилаа. Энэ бол турхирч байгаа зүйл биш.  Өнөөдөр энэ намд
байгаа шантаажны улс төр, шударга бус явдалтай тэмцье гэж байгаа юм. Бүр
дайн зарлая гэж байгаа юм. Энэ бол залуучуудын эхлүүлж байгаа
шинэчлэлийн давалгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид хэн нэгэн
даргын төлөө биш, аливаа нэг бүлгийн төлөө биш өөрсдийнхөө төлөө, залуу
нас, залуу үе, зорилго тэмүүллийнхээ төлөө явж байгаа хэрэг. Нөгөө хавь
ойрын үнээг хураачихаад хээлтүүлж ч чаддаггүй, бусдыг ч ойртуулдаггүй
хөгшин бух шиг байхаа болих хэрэгтэй. Иймээс тэднийг явуулах хэрэгтэй.
Оронд нь сайхан шижигнэсэн залуучуудаа тавих хэрэгтэй. Юм хийдэг, мэдлэг
боловсролтой, бүтээлч залуу олон байна. Монголын нийгэм, МАН
Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Н.Энхбаяр гурваар дутахгүй. Явбал явна л
биз.

-Тэднийг зүгээр л орхичихож болдоггүй юм уу. “Хуцсан нохой болгонд мод бүү барь” гэдэг биз дээ?  
-Зүгээр л хаячихаж, чимээгүй орхиж болно. Ингэх тусам шантаажны улс төр
цэцэглээд, шантаажчингууд олшроод, зүй бус байдал гаараад байна шүү дээ.
Шантаажлан дарамталж, айлган сүрдүүлж байж улс төрд оршин тогтнодог,
үүнийг амьдрах аргаа болгосон хүмүүс нэмэгдээд байна. Яах гэж Ардын нам
шинэчлэл хийсэн юм. Энэ бүхэн залуучууд бидэнд муу үлгэр дуурайл болоод
байна. Залуучууд нь тэднээс суралцаад, залуучуудаас дараа үе нь сураад
явахаар тийм олон бэртэгчин, шантаажчин, зүй бус улстөрчид төрнө.
Ерөөсөө улс төрийн орчин, нам цэвэр байж энэ төрийн бодлого цэвэршиж,
нийгэм ч цэвэрших ёстой.  

М.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж