Буддагийн төрсөн орон гэр

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Буддагийн төрсөн орон гэр

ЮНЕСКО-гийн санаачилгаар сонирхолтой археологийн олдворыг гаргаж болох хөтөлбөр Балбад хэрэгжиж эхэллээ. Британийн Дарэмийн их сургуулийн эрдэмтэн Робин Конингемын толгойлсон олон улсын баг Японы Засгийн газрын санхүүжилтээр буддизмыг үндэслэгч Будда Гаутамагийн төрсөн газар гэх Лумбинийн цогцолборт өргөн цар хүрээтэй судалгааг хийх ажилдаа орлоо.

Археологийн судалгаа нь Ганга мөрний хөндийн Гималайн бэлд, Балбын өмнөд хилийн ойролцоо орших бурхны шашинтнуудын даяанчлалын ариун газар бо­лох Лумбинийн цогцолборт хөтөл­бөрийн дагуу хийгдэнэ. Эрдэмтэд энэ хийдийн үүссэн түүх ба зарим нэг он дарааллыг тогтоохыг хичээж байна. Сүсэгтэн олон, сонирхож байгаа хүмүүс энэ нутагт Будда Гаутама үнэнээсээ төрсөн үү, төрсөн бол хэзээ вэ гэдэг асуудалд хариу хүлээж байна.

Лумбинийн хийдийн гол зүрх нь Будда Гаутмагийн эхэд зориулагдсан Майя-Деви сүм. Түүнийг 2003 онд нээсэн юм. Шинэ сүмийг МЭӨ III зууны ийм сүмийн бууринд босгосон юм. Майя төрөхдөө орж байсан гэх цөөрөм, төрөхдөө түшиж байсан гэх мод ба Гаутамаг төрж буйг дүрсэлсэн товгор ханын баримал зэрэг нь нандин шүтээнд тооцогддог. Сүмд Буд­дагийн яг төрсөн газрыг тэмдэглэсэн гэх чулуу бий.
Хийдийн нутаг дэвсгэрт сүү­лийн арваад жилд янз бүрийн ор­ны сүсэгтэн олны бариулсан үн­дэс­­нийхээ уран барилгын уламж­­лалын дагуух олон сүм байгаа.

Сүмийн дэргэд Энэтхэгийн хойгийг тэр чигт нь нэгтгэн захир­сан, анхны бурхны шашинтан хаан Ашоки хааны тушаалаар МЭӨ 249 оны хавьд босгосон багана байдаг. Ашоки ийм маягийн багануудыг эзэнт улс даяараа босгон тэдэнд өөрийн лүндэн ба дурсгалын бич­гийг сийлсэн байжээ. Лумби­нийн багананд нь хаантан Буд­дагийн төрсөн газар ирэн өргөл өргөсөн тухай өгүүлсэн байдаг аж.

Сүсэгтэн олны хүндэтгэл бо­лон даяанчдын хөлд дарагдаж байсан Лубини аажмаар алслаг­дан тусгаарлагдаж иржээ. XIX зуунд түүний хаа байдаг нь тодорхойгүй болсон байлаа. Зөв­­хөн 1895 онд герман Антон Фюрерын толгойлсон архео­логчид Лумбинид Ашокийн баганыг олоод манай эриний IV-V зууны хязгаарт хятад даяанч Фа Зянийн бичсэнтэй харьцуулан үзээд эрдэмтэд Буддагийн төрсөн газрыг олсноо зарласан юм.

Лумбини нь орчин үеийн Энэт­хэгийн нутаг дахь Будда Гаутматай холбоотой дөрвөн ариун газрын нэг. ХХ зууны турш Энэтхэг, Балбын бурхны шашинтнууд энэ талаар маргалдаж ирсэн байв. Энэтхэгүүд Лумбинид малтлага хийсэн европчууд худал хэлж байна гээд Буддаг арай өмнө зүгт төрсөн гэж байлаа. Үүнийг бас үгүйсгэх аргагүй учир нь католик лам Антон Фюрер археологийн жинхэнэ зальтан байжээ. Тэрээр өмнө нь Лумбиниэс холгүй газар эзэмшиж байсан Английн Уильям Клакстон Пеппе гэдэгт туслан буддын нэгэн шүтээнд малтлага хийгээд Буддагийн шарилыг олсон гэж байлаа. Пеппе ба Фюрер хүс­сэнээ үнэн болгон мэдээлж байсан нь их байв. Тэдний олон нээлтийг өнөөгийн эрдэмтэд худал гэдгийг нь баталсан юм. Тиймээс ч домог, үнэн гэдгийг ялган салгахад хэцүү байгаа юм.

Будда Гаутаматай холбоотой дөрвөн шүтээн

Лумбини (Балба) – Сиддхартхи Гаутамагийн төрсөн газар.

Бодхгайя (Энэтхэг, Бихар муж) – Сиддхартха Гаутама ухаарлыг олон Будда болсон нутаг.

Сарнатх (Энэтхэг, Уттар-Прадеш муж) – анхны сургаалиа айлдсан газар.

Кушинагар (Энэтхэг, штат Уттар-Прадеш) – нас баран нирваан болсон газар.

Лумбинийн цогцолборыг 1970-аа до­­ноос сэргээж эхэлсэн юм. Майя-Девийн сүмд 1996 онд хий­сэн малтлагаар онцгой шүтээнт буурийг тэмдэглэсэн чу­лууг олсон байна. Эртний ном судар­тай харьцуулан үзээд энэ чулууг Буддагийн төрсөн буу­ринд тавьсан гэж эрдэмтэд дүг­нэсэн байлаа. Энэ олдворын да­раа Лумбини биддизмыг үндэс­лэгчийн төрсөн газрын төлөөх өрсөлдөөнд тэргүүлэн гарч ирсэн юм. ЮНЕСКО энэ цогцолборыг бурхан багшийн төрсөн газар хэмээн Дэлхийн соёлын өв гэж  бүртгэн зарлажээ.

Энэ удаа аз таарвал архео­лог­чид Будда Гаутамагийн амьд­ралтай холбоотой олворыг ч олж м­агадгүй юм. Тийм тэсрэлт болох олдвор гарахгүй ч гэсэн энэ  малтлага сонирхолтой л байх нь тодорхой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж