
АНУ-ын нефтийн хувьд пүрэв гаригт гарсан түүхий нефтийн хуримтлал ихэссэн гэдэг мэдээллийн дагуу хямдарсан юм. Хамгийн сүүлийн байдлаар Лондоны бирж дээрх Брент нефтийн үнэ 1,02 ам.доллараар өсч, баррель нь 97,60 ам.доллар болсон ч долоо хоногийн дотор 1,06 хувийн уналттай байжээ. Баасан гаригийн арилжаанд тус бүтээгдэхүүний үнэ 99,20 ам.доллар хүртэл өссөн юм. Харин Нью Йоркийн бирж дээр WTI нефтийн үнэ 48 центээр унаж, баррель нь 89,11 ам.доллар болсон бөгөөд долоо хоногийн хэмжээнд 2,65 хувиар хямдарчээ.
“Ам.долларын ханш бага байгаа болон Германы бизнесийн итгэл нэмэгдэж байгаа нь нефтийн үнэд сайнаар нөлөөлж байна. Пүрэв гаригт нефтийн үнэд нөлөөлөх том мэдээлэл гарсан. Цаашид Брент нефть 99,20 ам.доллараас дээгүүр зарагдах байх” гэж “A/S Global Risk Management” компанийн шинжээч хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Хойд тэнгист үйл ажиллагаа явуулж буй “Shell” компани газрын тос болон хийн дөрвөн ч байгууламжыг хэдэн долоо хоногийн турш хаахаар болсоны дараа Брент болон WTI нефтийн үнэ огцом нэмэгдсэн билээ.
Баасан гаригт АНУ-ын шатахуун болон халаалтын тосны гэрээт үнэ өссөн байна. Баррель халаалтын тосны үнэ 22,54 ам.доллар болсон нь 2009 оны нэгдүгээр сарын 20-ноос хойшхи хамгийн өндөр хэмжээ байна.
Ам.долларын уналт мөн тус мөнгөн тэмдэгтээр арилжаалагддаг зэс, алт зэрэг бүтээгдэхүүний үнийг өсгөсөн байна. Томоохон орнуудад эдийн засаг сэргэж буй тул эдийн засгийн эрсдлийн эсрэг дархлаат бүтээгдэхүүн болох алтны эрэлт буурч, хоёр хувиар хямдарчээ. Ингэснээр шар металлын үнэ гурван долоо хоногийн турш уналттай гарсан нь 2010 долдугаар сараас хойш харагдаагүй юм. Нэг унц алтны үнэ 0,2 хувиар унаж, 1343 ам.доллар болсон бол гэрээт үнэ 5,5 ам.доллараар хямдарч, 1341 ам.доллар болсон байна. Харин мөнгөний үнэ 0,2 хувиар өсч, 27,53 ам.доллар болжээ.
Нэг унц алт худалдан авахын тулд хэдэн унц мөнгө хэрэгтэйг тооцоолдог харьцаа дахин 50 болсон байна. Хөрөнгийн биржүүд дээрх хөдөлгөөн Европ болон АНУ-д сайн байв. “Алт зах зээлийн айдсыг илтгэдэг. Шар металлын арилжаа нэмэгдэж байна гэдэг зах зээлийн эрсдэл байна гэсэн үг. Харин одоо бол энэ айдас арилж байх шиг байна” гэж Коммерцбанкны шинжээч хэлэв.
Бусад үнэт металлын хувьд цагаан алт 0,8 хувиар өсч, унц нь 1822,24 ам.доллар, харин паллади 1,4 хувиар өсч, 819,50 ам.доллар болжээ.
Еврогийн ханш долларын эсрэг өслөө
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн арилжаа хаагдах мөчид еврогийн ханш ам.долларын эсрэг хоёр сарын турш харагдаагүй өндөр хэмжээ болох 1.36 ам.доллараас давсан байна. Энэ нь Еврозоны орнууд өрийн хямралаасаа гарах сайн шийдэл олж чадна гэсэн өөдрөг үзэл зах зээлд байгаатай холбоотой юм. Европын банкуудын хувьцааны үнэ Испанийн Засгийн газар зарим нэг муу үзүүлэлттэй байгаа хадгаламжийн банкуудыг таллан төрийн мэдэлд авахаар төлөвлөж байгаа, Еврозоны хямралын эсрэг санг нэмэгдүүлэх болсон зэрэг шалтгаанаар нэмэгдлээ.
Еврогийн ханш арилжааны дөрвөн өдрийн турш ам.долларын эсрэг өссөн байна. Нэг евро баасан гаригийн байдлаар 1,3613 ам.доллар болсон нь өмнөх өдрийнхөөс 1,02 хувиар илүү, нэгдүгээр сарын 7-ноос таван хувиар илүү байгаа юм. Ам.долларын хувьд өргөн хэрэглээний мөнгөн тэмдэгтүүдийн багцын эсрэг 0,85 хувиар унажээ. Японы иенийн эсрэг ам.доллар 0,51 хувиар хямдарсан байна.
Дэлхийн хөрөнгийн биржүүд дэх арилжаа огцом сэргэжээ. Энэ нь АНУ-ын хамгийн том компаниудын нэг “General Electric” компанийн улирлын орлого таамаглаж байснаас их болсонтой холбоотой аж. Тус компанийн хувьцааны үнэ Нью Йоркийн бирж дээр 5,6 хувиар өссөн аж. Ингэснээр “Dow Jones”-ын аж үйлдвэрлэлийн биржийн индекс 0,41 хувиар, “Standard & Poor” 0,24 хувиар, “Nastaq” 0,55 хувиар өссөн байна. Харин Европын “FTSEurofirst” биржид 0,8 хувийн өсөлт харагдсан бол Испанийн банкуудын хувьцаа 3-3,7 хувиар өссөн байдалтай байв. “MSCI” Дэлхийн хөрөнгийн биржүүдийн индекс харин 0,46 хувиар өсчээ.
Германы бизнесийн итгэл нэмэгджээ
Герман улсын бизнесийн итгэл энэ сард сүүлийн 20 жилийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Дотоодын эрэлт болон экспортын хэмжээ нэмэгдэж буйгийн ачаар бизнесийн орчны индекс нэгдүгээр сард 110,3 пункт болжээ. Тус улсын Засгийн газар түүнчлэн 2011 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2,3 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Оны эхээр цаг агаар хүйтэрч цас их орсноос болж түүхий эд, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг бууруулсан ч энэ нь Германы үйлдвэрлэгчид болон худалдаалагчдын итгэлийг бууруулаагүй аж. Өнгөрсөн онд санхүүгийн хямралаас гаргасан гол хүчин зүйл нь экспорт дээр тулгуурласан бодлого байсан юм. Үүний ачаар ажилгүйдлийн төвшин буурч, хувийн хэрэглээг эрс нэмэгдүүлсэн юм. Засгийн газрын тооцоолж буйгаар тус улсын эдийн засаг 2012 он гэхэд 1,8 хувиар өсч, өсөлт удаашрах ч ажилгүйдлийн төвшин буурах аж. Үүний ачаар дотоодын эрэлт нэмэгдэж, эдийн засгийн цаашдын төлөвт сайнаар нөлөөлөх аж.