Түнхэл суманд химийн бодис алдагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Түнхэл суманд химийн бодис алдагдсан уу?

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт буюу сумын төвөөс хэдэн км-ын зайтай орших нэгэн уул уурхайн компанийн ойролцоо их хэмжээний химийн бодис алдагдсаны улмаас нутгийн иргэдийн биед тууралт өгч эхэлсэн тухай мэдээллийг NEWS агентлаг амралтын өдрүүдэд хүлээж авлаа. Эх сурвалжийн хэлснээр өнгөрсөн долоо хоногийн дундуур Эрүүл мэндийн яамнаас Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт албан тоот явуулж,  “Алт олборлож буй нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулах“-ыг үүрэгдсэн байна.

Элдэв төрлийн химийн бодисноос хордсон хонгорчуудын хувь заяаг давтаж магадгүй энэ мэдээллийн талаар Онцгой байдлын ерөнхий газар, Түнхэл сумын Засаг дарга Раднаабазар, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллага, албаны хүмүүстэй холбогдсон боловч тодорхой мэдээлэлгүй байлаа. Харин Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Эрдэнэбат дээрх мэдээлэлтэй холбоотойгоор дараах хариултыг өгч байна.

-Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас холгүй орших алт олборлодог компанийн ойролцоо их хэмжээний химийн бодис  /цианит натри байж болзошгүй/ алдагдаж, нутгийн иргэд хордсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж байна?
-Албан ёсоор бол Түнхэлд цианит натри алдагдлаа гэсэн мэдээлэл ирээгүй байна. Харин Түнхэл сумын нэг иргэн  Улаанбаатар хот руу, цагдаагийн байгууллагад хандан “Химийн бодис алдагдлаа”  гэсэн мэдээлэл өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий газраас Эрүүл мэндийн яаманд хандаж “Цианит алдагдсан гэх мэдээллийг шалгаж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Эрүүл мэндийн яамнаас манай аймгийн нэгдсэн эмнэлэгт Түнхэл суманд ажиллах чиглэл ирсэн. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлгээс Түнхэл сумын нутаг дэвсгэрт судалгаа шинжилгээ хийхээр хоёр эмч ажиллуулсан байгаа. Одоогоор /өчигдөр орой/ эмч нартай холбогдож, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ямар ч байсан танай эмч нар мэдээллийн дагуу газар дээр нь ажилласан юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Хоёр эмч ажилласан. Цианат натри илэрсэн гэх мэдээлэл ирүүлээгүй байна.

-Химийн бодис алдагдсан гэгдээд байгаа газрын нэр, усыг хэлэх боломж байна уу?
-Энэ талаар мэдэхгүй байна.  Аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын газарт албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж