“Хан ресорсез” Засгийн газрыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

“Хан ресорсез” Засгийн газрыг шүүхэд өгчээ

Монгол Улс цацраг идэвхит ашигт малтмалын ордуудаа энхийн зорилгоор ашиглахаар жил гаруйн өмнө бодлогын баримт бичгийг батлан гаргаж, энэ хүрээнд Цөмийн энергийн газар нь өмнө олгогдоод байсан лицензүүдийг дахин шинэчлэн бүртгэх ажлыг гүйцэтгэж, хууль зөрчсөн этгээдийн лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авахуулахаар ажилласан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөмийн энергийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болсноор улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордын 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмших, хэрвээ лиценз эзэмшигч нь өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцөө тогтоосон бол тухайн ордын 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр хуульчлан баталгаажуулсан. Хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа талаар УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийлээ. 

Мэдээлэлд дурдсанаар Цөмийн энергийн газар нь 117 аж ахуйн нэгжийн 119 тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэж олгосон байна. Харин хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй, Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн 20 аж ахуйн нэгжийн 41 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 аж ахуйн нэгжийн 35 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Монгол Улсын хуулийг мөрдөж ажиллаагүй лицензээ цуцлуулах хүртэл арга хэмжээ авахуулсан дээрх аж ахуйн нэгжүүдээс хамгийн их төвөг учруулж буй нь “Хан ресорсез” аж. Монголын төрийг Олон улсын арбитрийн шүүхэд өгөөд байгаа “Хан ресорсез” компанийн нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх сарын 9-нд болно. Тус компани нь Олон улсын арбитрт хандан гаргасан нэхэмжлэлдээ “Монгол Улсын Засгийн газрын хууль бус үйл ажиллагаанаас болж “Хан ресорсез” компани алдагдал хүлээсэн тул 200 сая ам.доллар нэхэмжилж байна” гэжээ. Тиймээс Олон улсын арбитрын шүүх хуралдаанд Монголын тал бэлтгэлээ базаахаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Ажлын хэсгийг  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Баясгалан ахалж буй аж. Шүүх хуралд бэлтгэж буй ажлын хэсгийнхний хувьд цаг хугацаа давчуу байгааг Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр сануулсан бол анхнаасаа “Хан ресорсез”-д  ашиглалтын лиценз олгочихсон бол Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газар дуудагдаж, нүдний булай болохооргүй байсан гэдгийг гишүүд сануулж, хайгуулын лиценз олгосон эрх мэдэлтэнд хариуцлага тооцох ёстой гэдгийг УИХ-ын гишүүн З.Энхболд ч хөндөөд авлаа.

Тэгвэл Канадын хөрөнгө оруу­лалттай “Хан ресорсез” компани хэ­­дий үеэс Дорнодын орд газарт цац­­­раг идэвхт ашигт малтмалын орд эзэмших болсныг сонирхуулбал, 1994 оноос эхлэлтэй аж. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин, өмч хувьчлал нэрийн дор улсын мэдэл дэх үйлдвэрүүдээ хувьд шил­­­­жүүлэн бужигнуулж байх үед Дорнод аймгийн Дашбалбар су­­­манд орших Дорнодын орд газарт хай­­­­­гуулын лицензит талбайг авч сэр­­­гэлэнтжээ. Хожмоо тухайн ордыг тү­­­шиг­­лэн зөвшөөрөлгүй гаргасан хувь­­­цааныхаа 54 сая ширхэгийг за­­­ра­­­­хаар олон улсын хөрөнгийн бир­­­жид зарлаад амжиж…  Наймаа ч жин тан болох зүгт хандаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай CNNC ком­пани дээрх хувьцааг худалдан ава­хаар хэлэлцээрээ хийгээд байхад нь Монгол Улсын Цөмийн энергийн газ­раас дээрх хоёр компанид хоёу­ланд нь мэдэгдэл хүргүүлж, Монгол Ул­сын Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг тус бүр зөрчиж байгааг сануулснаар энэ явдал тэгсгээд намжсан байна. Гэх­­­­дээ “Хан ресорсез” бууж өгөх­гүй­гээр шийдэж, Олон улсын арбит­рын шүүхэд хандаад байгаа нь энэ юм.

Уг нь “Хан ресорсиз” компанид олгогдсон лицензит талбай нь ашиглагдаж байсныг гэрчлэх баримт үлджээ. Тэр нь 100 гаруй км урттай төмөр зам аж. Гэхдээ 20 орчим км төмөр зам нь тоногдчихсон. Одоо түүнийг сэргээхэд шинэ төмөр зам барих дайны хөрөнгө зарах тооцоо гараад байгаа тул бусдад худалдана гэхэд бэрх. Төр өмнө нь энэхүү 100 гаруй км урттай төмөр замаа 300 сая төгрөгөөр худалдаж байсан гэдэг. Хөдөөгийн нэгэн малчнаас соёолон үхэр худалдаж аваад, өвлийн идшээ бэлтгэхэд зарцуулах мөнгөөр Монголын төр 100 гаруй км урттай төмөр замаа худалдчихаад одоо болохоор хэдэн тэрбум төгрөгөөр тооцогдох хөрөнгө зарцуулах тухай яриад сууж буй нь төрийн хөрөнгийг яаж үнэгүйдүүлдэгийн бодит жишээ болов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж