
-Хонконгод хар тамхины хэргээр шалгуулж буй гурван монгол эрэгтэйн давж заалдах шатны шүүх хурал саяхан болсон гэсэн. Энэ талаар Консулын газарт мэдээлэл ирсэн үү?
– Малайзаас Хонконг руу хар тамхи зөөвөрлөж яваад өнгөрсөн онд тус улсын хууль сахиулах албанынханд баривчлагдсан манай улсын гурван иргэний шүүх хурал энэ сард болсон. Гэвч шүүх хурлын эцсийн шийдвэр ирээгүй байна.Тус улсын хуулиар бол шийдвэр нь сарын дараа гардаг юм билээ. Тэнд ял шийтгүүлсэн гурван эрэгтэйг манай улс ялтан шилжүүлэх гэрээний дагуу нутагт нь авчрах асуудлыг тавьбал шүүх хурлаас хойш 2-3 сарын дараа дээрх хүсэлтийг хүлээн авдаг гэсэн.
– Гадаадад амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдсон байдлыг тоон үзүүлэлтээр дурдвал?
– Гадаадын улс оронд суралцах, цагаачлах болон аяллалаар зорчиж буй иргэдээс жилд дунджаар 400 гаруй хүн гэмт хэрэгт холбогдсон гэсэн судалгаа бий. Тэдгээр иргэдээс 120 гаруй иргэн гадаадын 13 улсад ял эдэлж байна. Ял эдлэж буй байдлыг авч үзвэл Австри улсад найм, Солонгост 30, БНХАУ-д 25 иргэн байна Мөн гадаадад ял шийтгүүлсэн 30 иргэн эх орондоо ирсэн гэсэн мэдээлэл бий.
-Хэдэн хүн нас барсан бэ?
– Энэ жил 56 иргэн нас барсан. Амь насаа алдсан шалтгааныг тодруулбал 50 хувь нь өвчний улмаас нас барсан бол золгүй тохиолдоор 23, бусдын гарт амь үрэгдсэн нэг иргэн байна.
-Саяхан БНСУ-ын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн монгол охиныг хөнөөсөн этгээдийн шүүх хурал болж хэрэгтэн этгээдэд 17 жилийн хорих ял оноосон байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрийг хөнгөн гэж үзэх хүн цөөнгүй байна л даа?
-БНСУ бол цаазын ялаас татгалзсан орон. Манай улсын иргэн Г-ийн амь насыг санаатай бүрэлгэсэн тус улсын иргэн Янгид холбогдох хэргийг өнгөрсөн арван хоёрдугаар сард Гуанжу хотын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж ялын дээд хэмжээ буюу 17 хорих ял оноосон байна лээ. Өмнөд Солонгосын хуулиар бол хүний амь хороосон хүнд 17-25 жилийн ял оноодог. Тэгэхээр Янгид оноосон 17 жилийн хорих ял нь хүнд ял хүнд шийтгэлдээ тооцогдоно.