Хөгжлийн банк байгуулах асуудлыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк байгуулах асуудлыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар дөнгөж сая Хөгжлийн банк байгуулах тухай асуудлаар гишүүдээс санал хурааж, дэмжлээ.  Хөгжлийн банк байгуулагдсанаар төмөр зам, авто зам, 100 мянган айлын орон сууц  барих хөтөлбөрийг төсөвт ачаалал өгөхгүйгээр шийдвэрлэх бололцоотой болж, тэр хэрээр Монгол Улсын гадаадаас зээлжих эрх авах эрхэд хязгаарлалт тавигдахгүй сайн тал бий болно гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, хөгжилд хүрсэн томоохон орнууд тэр дундаа Япон, БНСУ, Малайз зэрэг орнууд Хөгжлийн банкийг байгуулснаар урт хугацаа шаардсан ашгаа удаан хугацаанд өгдөг дэд бүтцийн салбаруудаа амжилттай хөгжүүлсэн жишээ олонтаа байдаг. Тиймээс Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайг дагаад орж ирж байгаа хөрөнгө оруулалт, мөн уул уурхайгаа түшиглээд дэлхийн зах зээлээс мөнгө босгох өргөн боломж бий буй тул энэ бүхнийгээ үр ашигтай ашиглах үүднээс Хөгжлийн банк байгуулж, ажиллах нь өнөөгийн хөгжлийг түргэтгэх нэг том алхам болно гэж үзэж Засгийн газар дээрх санаачлагыг гаргаад байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Хөгжлийн банк байгуулахыг үндсэнд нь дэмжсэн байр суурийг түлхүү баримталлаа. Гол нь УИХ-аас бодлогын баримт бичгийг батлаад өгдөг ч, Засгийн газар түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр хугацаа алдаж буй тул, хуулийг батлаад өгсний дараа цаг хугацаатай уралдан, ажлаа эхлүүлэх шаардлагатай шүү гэдгийг сануулж байна. Түүнчлэн жил гаруйн өмнө УИХ Концессийн тухай хуулийг баталж, 100 гаруй ажлыг хийхээр түүнд тусгасан ч өнөө хэр нь нэг ч ажил эхлээгүй. Мөн 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг батлан гаргасан ч мөн л сураг тасарсан. Тиймээс эдгээрийн нэгэн адил Хөгжлийн банк байгуулах асуудлыг хавтсанд хийгээд мартчихаж болохгүй шүү гэдгийг анхааруулсан юм.

Энэ удаагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж