Гадаад руу ажилд зуучлах нэрээр залилаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Гадаад руу ажилд зуучлах нэрээр залилаж байна

“Гадаадын улс орнуудад өндөр цалинтай ажилд оруулж өгнө. Цагаачлалаар виз гаргаж өгнө” хэмээн хууран мэхлэх явдал таслан зогсоогдохгүй байгаа талаар нийт иргэдэд цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, Канадын Монераль, Торонто, Ванчувэр зэрэг томоохон хотуудад ажилд оруулж өгнө хэмээн монгол иргэдээс 15 сая төгрөг авч байгаа талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, уг мэдээллийн дагуу шалгалт хийсэн байна.

Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцэн Канад улс руу зорчих хүсэлтэй иргэдийн тоо ч эрс нэмэгдсэн аж. Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авч, монголчуудаа бусдад мэхлэгдэн хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох, гадагшаа гарах хүсэлдээ автан зальт этгээдүүдэд хуурагдан хохирохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

Мөн нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, тасгуудад энэ чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, виз, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргал үүрэг болгосон байна.

Дашрамд дурдахад, Канад улс нь англи, франц, хэлний мэдлэгтэй, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн алба хаагчдыг зохих шалгуурын дагуу шалган шалгаруулж, хөгжингүй, хөгжилтэй гадаадын улс орнуудаас жилд 240-265 мянган иргэнийг цагаачлал болон дүрвэгсэдийн  шугамаар сонгон авдаг юм байна. Тиймээс ямар нэгэн нарийн мэргэжилгүй, англи, франц хэлийг бүрэн эзэмшээгүй бол маргаашийн сайхныг амласан зуучлагчдад итгэж, их хэмжээний мөнгөө өгч, залилуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж