Л.Ням: Энэтхэгийн Ерөнхийлөгчийн зоогт уригдаж байлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Л.Ням: Энэтхэгийн Ерөнхийлөгчийн зоогт уригдаж байлаа

МЧБХ Монгол Улсад биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90, бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 50 жилийн арга хэмжээний хүрээнд 50 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний салхийг хагалж, ихэр бөх, доктор, профессор, ОУХМ Л.Ням, спортын мастер, эдийн засгийн ухааны магистр Л.Даваа нарын нэрэмжит олон улсын тэмцээн энэ долоо хоногт болсон. Энэ үеэр шилдэг тамирчин байгаад одоо спортын зүтгэлтэн болсон Л.Нямтай уулзаж ярилцсан юм. Тэрбээр Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөхийн спорт үүсч хөгжих үндсийг тавьж, Монголын паралимпийн хороог байгуулалцсан гавьяатай нэгэн билээ.
-УАШТ-ээс ч медаль хүртэж амжаагүй хүү 1978 онд Мексикийн Мехико хотод болсон ДАШТ-д оролцсон. Эх орноо төлөөлөх эрх амар олдоогүй байх?

-БНАГУ-д 1977 онд социалист орнуудын “Нөхөрлөл” тэмцээн болсон. Оролцож буй тамирчин бүр хоорондоо тойргоор барилддаг чансаатай тэмцээнд анх удаа оролцож, 65 кг-ын жинд 10 барилдаж түрүүлсэн юм. Бас 1978 оны “Интернациональ” тэмцээнд аваргалсан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг дөнгөж аваад байсан Ч.Дамдиншарав багш энэ амжилтуудыг минь харгалзсан байх. ДАШТ-ий өмнө манай алдарт бөх М.Хойлогдорж бид хоёр нэлээн сорилт хийж, Ч.Дамдиншарав багш “Залууг нь сонгоё” гэсэн юм. Ингэж л тэр жилийн ДАШТ-д намайг оролцуулсан байх.

-Хэрхэн барилдав?

-Хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн аварга ЗХУ-ын алдарт бөх Владимир Юмнинд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах болсон. Шийдвэрлэх барилдааны Мохаммед Резаейг баралгүй, IV байр эзэлсэн дээ. Анхны ДАШТ-дээ шагналт байр эзэлсэндээ их урамшиж байсан. Одоо бодоход хүрэл медаль байтугай амжилт үзүүлж болох байсан санагддаг. Юунаас ч айдаггүй, их сайхан зоригтой байж.

-Та одоогоор бол ДАШТ-ий медальтай хүн юм байна шүү дээ?

-Тийм ээ. Тухайн үед нэг хүрэл медаль өгдөг байсан бол одоо хоёр хүрэлтэй болсон. Би ДАШТ-д чөлөөт бөхийн нэгдүгээр зэрэгтэй оролцсон. Намайг ирсний дараа спортын мастер, ОУХМ цолыг зэрэг олгосон юм.

-Хойтонгийнх нь ДАШТ-д хэрхэн барилдав?

-Өмнөх жил нь гайгүй оролцсон болохоор 1979 онд медаль хүртэх зорилго байсан. Бэлтгэл сайн байсан ч Унгарын Золонтой, ЗХУ-ын Юмнинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн дээ.

-Хоёр ДАШТ-д оролцсон хүнд 1980 оны Москвагийн олимп бодогдож байсан биз?

-Бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, олимпод оролцохыг хүсч байсан ч чадаагүй. Багш нарын шийдвэр байсан даа. 1983 оноос жингээ барихад хэцүү болж, 68 кг руу өгссөн. Тэр жилийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө гавьяат тамирчин Б.Болдтой өрсөлдсөн. Олон сорилт хийсний эцэст Б.Болд маань явж, мөнгөн медаль хүртэж байлаа.

-МБАТС, УАШТ-д хэдэн удаа түрүүлж байсан бэ?

-Манайд болдог байсан нэр хүндтэй “Интернациональ”-д гурав, УАШТ-д дөрөв, Ах, дүү армиудын АШТ-д хоёр, “Динамо”-гийн цомд нэг түрүүлж, бага ДАШТ гэгддэг Тбилисийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Ер нь социалист орнуудын нэрэмжит тэмцээнээс бүгдээс нь медаль хүртсэн.

-Улсын шигшээ багт хэдэн жил дасгалжуулагчаар ажилласан билээ?

-Би 1986 онд Эрдэнэтэд болсон УАШТ-д сүүлийн удаа барилдсан. Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Энд нэг сонирхолтой зүйл болсон. Намайг мөнгөн медаль хүртэхэд эхнэр минь анхны хүүгээ төрүүлэхэд бэлгэшээж Мөнгөнтулга гэж нэр өгсөн. Барилдахаа больсны дараа багш болохоор шийдсэн байлаа. Харин БТСХ-ны удирдлагын тушаал гарч, намайг бөх хариуцсан улсын дасгалжуулагчийн ажилд томилсон. Ингэж чөлөөт, самбо, жүдо, үндэсний бөх хариуцаж ажиллах болсон. Улсын баяр наадам болон тухайн үеийн бүхий л нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулсан даа. Энэ нь миний удирдах ажил хийх анхны гараа байлаа. Харин 1989-1993 онд шигшээ багт дасгалжуулагчаар ажилласан.

-Шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар ДАШТ, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Хамгийн дурсгалтай нь аль вэ?

-АНУ-ын Сиэтл хотод 1991 онд “Сайн санааны тоглолт” болсон юм. Хувийн дүнгээр одоогийн УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын ах Х.Баттуул манайхнаас анх удаа түрүүлж байсныг мартдаггүй. Их сайхан тэмцээн байсан ч одоо зохион байгуулагдахаа больсон.

-Энэтхэгийн шигшээ багийн дасгалжуулагч болдог тань 1993 он бил үү?

-Тийм ээ. Намайг зөвлөх дасгалжуулагчийн ажил авахад энэтхэгчүүд олимп, ДАШТ-ээс тус бүр нэг медаль хүртээд байсан. Ерөнхийдөө чөлөөт бөхийн хөгжил нь тийм сайн байгаагүй. Харин хангамж тал дээр сайн. Шигшээ багт 70-80 тамирчин хичээллэдэг, тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгөний асуудал гардаггүй байсан. Гадагшаа тэмцээнд явах тамирчин бүрт хос костюм, зангиа, цамц, бэлтгэлийн хувцас, цүнх, оймс, малгай хүртэл өгнө шүү.

-Та 1994 оны Энэтхэгийн шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан. Энэ тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

-Намайг ажиллаж байхад Энэтхэгийн тамирчид хэд хэдэн амжилт гаргасан юм. Канадад 1994 онд болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын чөлөөт бөхийн 48 кг-ын жинд миний шавь Рамиш Кумар, 57 кг-д Ашок Кумар нар аваргалж, Энэтхэгийн бөхийн холбооныхныг шуугиулж байсан даа. Бас Бангладешийн Дакка хотод болсон Зүүн Азийн наадмын чөлөөт бөхийн 10 жинд энэтхэгчүүд зургаан алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багаараа түрүүлсэн. Хүсээд ч авдаггүй байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийг бас нэг бөх хүртэж байсан. 1994 онд миний хайртай шавь Ашок Кумар чөлөөт бөхийн шилдэг тамирчнаар, би шилдэг дасгалжуулагчаар тодорч, Ерөнхийлөгч Шармагийн хүндэтгэлийн зоогт уригдаж байлаа.

-Үргэлжлүүлэн ажиллаж болоогүй юм уу?

-Намайг 2000 оны Сиднейн олимп хүртэл ажиллахыг хүссэн. “1500долларын цалин өгье, гэр бүлээ энд аваад ир” гэж байсан. Тэр үед ээж минь өвчтэй байсан, бас тэр халуун газар олон жил байх хэцүү юм билээ. Ингээд 1995 онд Монголдоо ирсэн.

-Эмэгтэйчүүд чөлөөт бөхөөр барилдаж байхыг анх хаана үзсэн бэ. Эх орондоо дэлгэрүүлэх санаа хэрхэн төрөв?

-Энэтхэгийн бөхчүүдтэй Белару­сийн Минскт хамтарсан бэлтгэл хийлгэсэн юм. Тэр үед ганц нэг эмэгтэй бөх барилдахыг харсан. Тухайн үед “Ийм зүйл байдаг л юм байна” гэж бодоод өнгөрсөн. 1995 онд Монголд ирж, шигшээ багт дасгалжуулагчаар ажилласан. Үүнээс хоёр жилийн дараа шигшээ багийг тарааж, клубийн системд шилжүүлсэн. Ажилгүй үлдсэн хэдэн дасгалжуулагч тус тусын клубтэй болж, би ч тэдний жишгээр 1998 онд “Мөнхжин”-гөө байгуулсан. Чөлөөтэй ажиллаж эхлэх бололцоо бүрдмэгц 16 охин шилж, секцэндээ хичээлүүлсэн.

-Анхандаа хүндрэлтэй зүйл их байсан биз?

-Эвэртэй туулай үзсэн юм шиг гайхдаг байлаа. Зарим хүн “Эмэгтэй хүн хөхөө гаргаад эвгүй юм” гэж байсан. Би 1999 онд Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн холбоо байгуулж, гуравдугаар сарын 12-нд найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр анхдугаар УАШТ-ийг зохион байгуулсан. Эмэгтэйчүүдэд зориулсон трико байгаагүй болохоор дотуураа футболк өмсөх болсон. Ерөнхийлөгч Н.Багабандийн нэрэмжит тэмцээний үеэр эмэгтэй бөхийн үзүүлэх тоглолт анх хийж, Монгол Улс даяар сайн сурталчилсан даа. Үүнээс хойш янз бүрийн яриа өөрчлөгдөж, хүмүүсийн сонирхлыг ч татах болсон. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн холбоо 2003 онд МЧБХ-нд нэгдсэн.

-Паралимпийн хороог хэрхэн байгуулсан бэ?

-Ийм хөдөлгөөн байгааг бид мэддэг байсан. Судлаад үзэхэд олимпийн хөдөлгөөнөөсөө дутахгүй юм билээ. Тэгээд хэдэн нөхөдтэйгөө хамтарч, Монгол Улсад байт сур, гар бөмбөг, дартс, жүдо, сагсан бөмбөг, тэргэнцэртэй уралдаан, хөнгөн атлетик, чөлөөт бөх гэсэн 10 төрлийг хөгжүүлэх зорилго тавьж, Монголын паралимпийн хороог 1995 онд байгуулсан. Олон улсын паралимпийн хороонд бичиг явуулахад “Маш зүйтэй. Монголчууд паралимпийн хөдөлгөөнд нэгдэж байгаад талархаж байна, бид бүх талаар дэмжинэ” гэсэн.

-Манайхнаас чөлөөт бөхөөр эрдмийн зэрэг анх хамгаалсан хүн бол та байхаа?

-1997 оны гуравдугаар сард “Монголын чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэлийн тогтолцоог улам боловсронгуй болгох асуудлыг янз бүрийн арга замаар судалж дүгнэсэн нь” сэдвээр Москвад боловсролын докторын зэрэг хамгаалсан. Миний эрдэм шинжилгээний удирдагч нь FILA-гийн дэд ерөнхийлөгч доктор, профессор А.А.Новиков, Монголын талаас доктор Л.Чойбалсан байсан.

Д.Нанжид.

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж