Дөрвөн хууль, хоёр тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн хууль, хоёр тогтоолын төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас санаачлан боловсруулсан дөрвөн хууль, хоёр тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөө өглөө өргөн барилаа.
Өргөн уудам нутагтай, орчин үеийн автозамын сүлжээ, дотоодын усан тээвэргүй, далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Гэвч манай улсын төмөр замын тээврийн дэд бүтэц, техник, технологийн хоцрогдол нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн хөгжил, орд газруудын ашиглалтад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Иймээс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудаас олборлох уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зорилгоор боловсруулах үйлдвэрүүдэд тээвэрлэж хүргэх, улмаар экспортлох асуудлыг төмөр замын бодлоготой хамтад нь харилцан уялдаатай шийдвэрлэх асуудал зайлшгүй тавигдаж байгаа тул Засгийн газар төмөр замын тээврийн асуудлыг төрийн бодлогоор хөгжүүлэх шардлагатай гэж үзэж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл боловсруулжээ. Ашигт малтмалын орд газруудтай төмөр замаар холбогдох, төмөр замын үндэсний сүлжээ бий болгох зорилтыг баримт уг бичигт тодорхойлж, энэ зорилтын хүрээнд шинээр барих төмөр замын царигийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэх, Тавантолгойн нүүрс, Оюутолгой, Цагаан суваргын зэс молибдений болон Дархан-Сэлэнгийн бүс нутгаас олборлож байгаа төмрийн хүдрийг боловсруулах зорилгоор Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.
     Мөн нийслэл хотын эрх зүйн байдал, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, агаарын бохирдлыг арилгаж иргэдийн аюулгүй орчинд аж төрөх баталгааг хангах үүднээс Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.
     Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинг бохирдлоос сэргийлэх, түүнчлэн байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн сонгох, цэвэр түлш худалдан авах иргэд, аж ахуйн нэгжийн сонирхлыг бүрдүүлэх үүднээс агаар бохидуулагч нь төлбөр төлдөг байх зарчимд шилжих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 15 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжиж, хүн амын тоо өсөхийн хэрээр хот төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд түгжрэл саатал үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний салбар доголдох зэрэг хүндрэл бэрхшээл их гарч байгаа тул нийслэлийн эрх зүйн байдлыг боловсронгуй болгохоор хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулжээ..
     Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж