
Штутгартын прокурорын газар Volkswagen компанийн менежерүүд ба Deutsche Telekom (DT) компанийн T-Systems гэх охин үйлдвэрийн ажилтнуудын эсрэг мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна. Тэднийг авлигын нууц хэлцэлд орсон хэмээн хэргийг нээсэн гэж Suddeutsche Zeitung сонин мэдээлэв.
Нууц хэлцлийн дагуу авто концерны хөлбөмбөгийн Wolfsburg (Вольфсбург) клубыг ивээн тэтгэх гэрээгээ T-Systems сунгасан учир DT нь Volkswagen концерны холбооны үйлчилгээг хийх олон саяын захиалга авсан хэмээн хууль хяналтынхан үзсэн байна.
Штутгартын прокурорын газраас Германы дөрвөн хот дахь найман офист нэгжлэг хийжээ. Мөн T-Systems-ийн зөвлөх байсан нэг хүн, менежер асан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Volkswagen компанийн арилжааны хэлтсийн хоёр хүнийг ч хэрэгт татлаа. T-Systems компанийн ажилтануудын эсрэг хэрэг үүсгэж байгаа ч Deutsche Telekom тэргүүлэх компани энэ хэрэгт холбоотой нь ойлгомжтой гэж сэтгүүлчид бичлээ.
Европ гараад байгаа авлигын дуулианы анхных нь энэ биш. Нэгдүгээр сарын дундуур Еврокомиссийн зөвшөөрөлтэйгөөр Volvo, Daimler, Scania компаниудын байранд нэгжлэг явуулсан байв. Европын холбооны монополийн эсрэг албаны ажилтнууд компаниудыг том хөрөнгөтний нэгдэл (картель) байгуулсан гэж үзсэн юм. Тэр үед Еврокомиссийн албан ёсны төлөөлөгч хатагтай Амелия Торрес мэдэгдэхдээ дээрх автын компаниуд нь ЕХ-ны картель байгуулахыг хориглосон монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж хэлж байлаа.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Шударга худалдааны офис (OFT) гэдэг Британийн монополийн эсрэг алба Европын ачааны машин үйлдвэрлэгч нарын үнийн хэлцлийн талаар мөрдөж эхэлснээр дээрх хэрэг мандсан түүхтэй. Тэр үед Британийн Daimler эзэмшдэг Mercedes-Benz офист нэгжлэг хийсэн юм. Үүнтэй зэрэгцээд MAN, Scania, Volvo компаниуд мэдэгдэхдээ мөрдөн байцаалтад хэрэгтэй мэдээллийг OFT тэднээс гуйж байсан гэлээ.
Нэгжлэгийн дараа компаниудын картелийн хуйвалдааныг мөрдөн байцаалт явуулж байж тогтооно гэж Еврокомисс мэдэгдсэн байлаа. Хэрэв тэдний сэжиг тогтоогдвол ачааны машин үйлдвэрлэгчид эргэлтийнхээ 10 хувьтай тэнцэх торгуулийг төлөх болно.