Нийслэл энэ онд архидалттай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Нийслэл энэ онд архидалттай тэмцэнэ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэлээ. Хэдийгээр 2010 онд гарсан гэмт хэрэг тооны хувьд буурсан ч гэмт хэргийн нөхцөл санаа зовоож байгааг зөвлөлийн гишүүд онцолсон байна. Энэ нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй байгаа учир 2011 онд архидалтыг багасгах тал дээр анхаарна гэдгээ тус зөвлөлийнхэн хэлэв.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх сурталчлах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө гарган, нийслэлийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран зохион байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн онд гэмт хэргийг бууруулах тал дээр хэд хэдэн ажил хийсэн байна. Түүнчлэн нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс томоохон ажлуудыг хийснээ танилцууллаа. Замын цагдаагийн газарт шөнийн эргүүлд 18 машины асуудлыг нийслэлийн төсвөөс шийдэж өгсөн. Ингэснээр шөнийн цагаар гардаг замын хөдөлгөөний гэмт хэрэг осол харьцангуй буурсан байна.

Нийслэлийн цагдаагийн газар 2010 онд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гэмт хэргийн шинжтэй 42748 гомдол мэдээлэл хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй 27790 гомдол, мэдээлэл авсны дагуу 39.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна. Нийслэлийн хэмжээнд 10863 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өнгөрсөн үеийхтэй харьцуулахад 476 хэрэг буюу 4.2 хувиар буурсан байна. Мөн түүнчлэн сэжигтэй этгээд нь тогтоогдоогүй 3853 гэмт хэрэг гарснаас 2063 хэргийг гэм буруутанг тогтоон ял сонсгож, гэмт хэргийн илрүүлэлт 53.5 хувьтай өмнөх онтой харьцуулахад 3.44 хувиар өссөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж