Олимпийн медалийг амттантай адилхан гэж боддог

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Олимпийн медалийг амттантай адилхан гэж боддог

Аравхан хоногийн дараа Азийн цагаан олимп Казахстаны Алма-Аты хотод нээлтээ хийх гэж байна. Манай улсаас спортын зургаан төрөлд тамирчнаа илгээж байгаа билээ. Өвлийн спортын наадамд зандан хүлэгтнүүдийг ахалж буй спортын мастер Г.Гэрэлт-Одыг Казахстаныг зорихоос нь өмнө ярилцсан юм.

-Казахстаны цасан замд уралдах бэлтгэлээ хэр сайн хангав?

-Ер нь бол боломжийн сайн хангасан гэж бодож байгаа. Казахстан болон ӨМӨЗО-д тус бүр долоон хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. Гадны туршлагатай тамирчидтай бэлтгэл хийх өөр юм билээ. Бэлтгэл хийхдээ хүртэл шат дараалалтай. Азийн өвлийн спортын наадам эхлэхээс 10 хоногийн өмнө манай цаначид Казахстанд очно. Тэгээд тэмцээн эхэлтэл дахиад хамтарсан бэлтгэл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхлээр үр дүнгээ өгөх байлгүй дээ.

-Шигшээ багийн бүрэлдэхүүнд хэзээнээс багтсан бэ?

-Хоёр жид гаруй болж байна. Энэ хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлсэн.

-Мэдээж шигшээ багт данстай болохын тулд нэлээд зам туулсан биз? Хэдэн жил энэ спортод зүтгэж байна вэ?

-Тэр ч тийм шүү. Би өөрөө Булган аймгийн хүн. Манай аймгийнхан өвлийн спортод тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг. Монголд хөгжиж байгаа цана, тэшүүр гээд шигшээ багийнхны бараг л тал хувь нь Булганаас гаралтай байдаг. Миний хувьд аав маань цанын спорттой холбоотой байсан. Тийм болохоор би өөрийн эрхгүй татагдсан. Ер нь багаасаа л энэ спорттой нөхөрлөсөөр өдийг хүргэлээ. Өөрийнхөө дуртай спортоороо амжилт үзүүлэх үнэхээр сайхан байдаг. Намайг анх Дорж багш шигшээ багт орох уу гэж асуусан. Би ч шууд л тэгье гээд хэлчихсэн. Тэгж хэлснийхээ дараа айж л байлаа. Гэхдээ одоо бол миний бүхий л дурсгалтай мөчүүд бүгд шигшээ багтай минь холбоотой.

-Манай улс жилийн дөрвөн улиралтай болохоор байнгын бэлтгэл хийх төвөгтэй байх. Дулааны улиралд амралттай байдаг уу?

-Ерөнхийдөө бол амардаг. Гэхдээ байнга амраад байх юм бол бэлтгэлийн форм алдагдана шүү дээ. Тийм болохоор ойр зуурын бэлтгэлээ хийнэ. Өвлийн спорт гэхлээр л зөвхөн цас, мөстэй үед бэлтгэл хийдэг гэж ойлгож болохгүй. Зөвхөн өвөл л бэлтгэл хийгээд байвал энэ сайхан агуу спорт хэзээ ч хөгжихгүй. Улирал харгалзахгүй боломжоороо бэлтгэлээ хийгээд явдаг.

-Уламжлал болсон нэг асуулт асууя. Их спортын хөгжлийг яалт ч үгүй хөрөнгө санхүү дагадаг. Цаначид санхүүгийн бэрхшээлтэй хэр тулгардаг вэ?

-Эхэндээ тулгардаг л байсан. Яагаад гэвэл манай цаначид олон улсын тийм ч өндөр амжилт гаргадаггүй. Олимпод гэхэд л хамгийн өндөр амжилт нь 36 дугаар байдаг. Тийм болохоор хүмүүс нэг их тоодоггүй. Тамирчид нь тэмцээн уралдаанд оролцох гэж бөөн юм болно. Хөрөнгө, мөнгө ч олдохгүй. Цанын спортын хөгжил эхэндээ нэг иймэрхүү л байсан. Харин одоо бол арай өөр. Төр засгийн зүгээс зөвхөн цана гэлтгүй спортод маш их анхаарал хандуулдаг болсон. Хэдийгээр топ-4 гэж ярих боловч бусдад нь ч гэсэн адилхан анхаарал тавьдаг гэж боддог. Хамгийн энгийн жишээ гэхэд л Алма-Атыгийн наадамд оролцох бүх тамирчдын зардлыг дааж байгаа шүү дээ. Энэ бол том дэмжлэг гэж ойлгож байна.

-Азийн өвлийн спортын наадамд ямар зорилго өвөртөлж оролцох вэ?

-Ер нь бол медаль хүртэх юмсан гэж бодож байна. Медальд хүрэхийн төлөө бүх чадлаа зориулах болно. Угаасаа олон жилийн бэлтгэлийнхээ үр дүнг үзэх нь тамирчинд хүнд хамгийн сайхан байдаг. Бусад мэргэжлийн хүмүүс ч мөн адилхан хийсэн ажлынхаа үр дүнг үзээд алдаа, оноогоо дүгнэнэ шүү дээ.

-Өвлийн спортоор хэзээ нэгэн цагт манай улс олимп, дэлхийн аваргаас медаль авна даа гэсэн бодол төрдөг л биз?

-Мэдээж төрөлгүй яах вэ. Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй сайн хийж байгаад олимпийн, дэлхийн аваргаас медаль хүртэх нь тамирчин бүрийн оргил мөрөөдөл байдаг. Тамирчдаас чиний гол зорилго, мөрөөдөл юу вэ гэж асуухаар олимпийн аварга болно гэж хариулдаг. Миний хувьд аварга болохгүй ч ямар нэгэн байдлаар медаль авах юмсан гэж мөрөөддөг. Ер нь олимпийн медаль бол амттантай адилхан гэж боддог шүү.

-Хамгийн анхны медалиа хэдэн хэзээ авч байсан бэ?

-Ямар ч байсан мөнгөн медаль авснаа маш сайн санадаг юм. Харин яг хэзээ гэдгээ санахгүй байна. Тэр үед өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлж оролцож байсан. Манай аймгаас зургаан хүүхэд хотод ирж улсын аваргад оролцоод таван медальтай буцсан. Энэ бол том амжилт. Хамгийн гайхалтай нь тухайн үед би дөнгөж анх удаа хотод ирж үзэж байлаа. Хотын зах харагдаад эхлэнгүүт сэтгэл гэгэлзээд их гоё юм билээ. Намайг бага байхад өвлийн улирал нь хамгийн гоё байдаг байсан. Одоо ч өвлийг нэг их хүсээд байхааргүй л болсон. Бэлтгэл хийхэд хүртэл хүндрэлтэй байна шүү дээ. Ямарсайндаа л тамирчид маань хотоос гарч бэлтгэл хийж байх вэ.

-Тамирчин хүнд чөлөөт цаг гэж байдаггүй гэдэг. Таны хувьд?

-Тэмцээн уралдаан дөхөөд ирэхээр ёстой чөлөөт цагтай мантай болдог. Бэлтгэл гэсээр байгаад сүүлдээ бараг орчноос тасардаг. Гэхдээ чөлөөт цаг гарвал интернэтээр аялаж өвлийн спортын тухай сонирхолтой баримт цуглуулах дуртай. Алдартай цаначдын уралдаж байгааг харах сайхан байдаг юм. Ялангуяа бариандаа орж байгаа торгон агшин нь бүр ч бахархмаар.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилтын дээдийг хүсье. Зандан хүлэгтнүүдийн маань зам нь дардан байг.

-Баярлалаа. Ёстой сайхан үг байна. Бид Монгол Улсынхаа нэрийг гаргах төлөө хичээх болно.

Б.Мөнхзул.

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж