АНУ хувийн сансрын хөлөг бүтээхийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

АНУ хувийн сансрын хөлөг бүтээхийг дэмжиж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Конгресст NASA-гийн ээлжит 18,7 тэрбум ам.долларын төслийг өргөн барьжээ.
     
    Америкийн эрх баригчид хувийн компаниудын сансрын зохион бүтээлтийн ажиллагааг дэмжиж байна. Эх сурвалж: AP Photo/NASA

    Америкийн сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах сансрын төхөөрөмж бүтээх хувийн компаниудын үйл ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама идэвхитэй дэмжихийг хүсч байна. Конгресст хүргүүлсэн түүний Сансар судлалын үндэсний агентлагийн (NASA) 2012 оны төсвийн төсөлд 850 сая ам.долларыг сансрын хөлөг бүтээгч хувийн компаниудад тусламж болгохоор тусгаж өгсөн байна. Энэ нь 2011 оны төсөвт тусгагдсан ч гүйцэтгэгдэж амжаагүй мөнгөнөөс 238 саяар их байна.

    Нийтдээ NASA-д 18,7 тэрбум долларын төсвийг гаргаж өгөхийг хүссэн нь тус байгууллагын өмнөх төсвийн хэмжээнд байгаа юм. Энэ тоо 2016 он хүртэл хэвээр үлдэнэ гэж хүлээгдэж буй.

    Үйлчилж буй журмаар Америкийн Засгийн газрын санхүүжилтийг 2010 оны төвшинд хязгаарласан бөгөөд хууль тогтоогчид улс орныхоо ирээдүйн санхүүжилтийн талаар зөвшилцөлд хүртэл байдал нэг их өөрчлөгдөхгүй.

    Ангарагийг зорьсон тэмүүлэл

    Шаардагдаж байгаа мөнгийг зарцуулах хувилбарууд олон бий. Юуны түрүүнд жолоодлоготой сансрын нислэгт онцгой анхаарах бололтой.

    Одоо ашиглагдаж байгаа сансрын олон дахин ашиглах хөлгийн хугацаа төгсч байгаа ба Олон улсын станцад (ОУСС) сансрын нисгэгчдийг хүргэх талаар NASA ойрын хугацаанд Оросын сансрын “Союз” хөлгөөс хамааралтай байх юм.

    NASA  ийм байдал АНУ-д сансрын нислэгийн хувийн аж үйлдвэрлэл өстөл хэдэн жилдээ үргэлжилнэ гэж үзэж байгаа ажээ. Зорилгот төслийг хөгжүүлэн дэмжих нь Америкийн сансрын аппаратуудын үйлдвэрлэгч нарыг бүрэлдэн бий болтол чухал гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

    Ийм тохиолдолд NASA-д Олон улсын станцаас цааш сүүлт одууд ба Ангарагийн зүг нисэх том хэмжээний  пуужинг бий болгох боломж гарч ирэх ажээ.
     
    "ОУСС-24" олон улсын багийнхан. Зүүнээс баруун тийш: борт инженерүүд: Дуглас Гарри Уилок (АНУ) Трейси Эллен Колдвелл-Дайсон (АНУ), багийн дарга Александр Скворцов (ОХУ), Михаил Корниенко (ОХУ), борт инженерүүд: Шеннон Бейкер Уокер (АНУ) Федор Юрчихин (ОХУ).

    Эх сурвалж: Нислэгийг удирдах төв

    ОУСС бол тэргүүлэх чиглэл

    Хүнд ачааг хөөргөн зөөх шинэ төрлийн сансрын хөлөг ба олон янзын зориулалтын жолоодлоготой капсул зохион бүтээхэд 2,81 тэрбум ам.долларыг гаргаж өгөхийг шинэ төсвөөр хүссэн байна.

    Сансар судлалд хувийн санаачлагыг дэмжих мөнгийг 2011 оныхоос илүүтэйгээр төсвийн төсөлд суулгаж өгсөн ч зохион бүтээх ажлын зардлын өсөлтийг тэнд тооцоогүй байна. Төсвийг хэлэлцэх үеэр жолоодлогот нислэгийн ажилд хамаатайгаар өнгөрсөн жилийнх шиг маргаан Цагаан ордон ба Конгрессийн хооронд гарч магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна.

    “Бидний гол чиглэл бол ОУСС” гэж NASA-гийн тэргүүн Чарльз Болден мэдэгдсэн. Түүний хэлж буйгаар, төсвийн өөрчлөлтийн гол зорилго нь гадаадын түншүүдээс хамааралтай байгаа хугацааг бууруулах эсвэл хэмжээнд барих явдал гэнэ. Үүнийг өөрсдийн сансрын аж үйлдвэрлэлийг хөгжүүлснээр л гүйцээж болох юм.
    Америкийн Арилжааны сансрын холбоо төсөлд өөрчлөлт орсныг дэмжлээ. “Хувийн хөрөнгө оруулалтыг зохицуулж байгаа нь бүсээ чангалсан энэ цагаар өөрийн хөрөнгөнөөсөө ихээхэн үр дүнг гаргах NASA-гийн цорын ганц арга зам” хэмээн тус холбооны тэргүүн Бреттон Александр ярьж байна.

    Энэ сарын 14-нд Конгресст өргөн барьсан Обамагийн 3,37 их наядаар төлөвлөгдсөн ерөнхий төсвийн хэсэг нь NASA-гийн хэрэглээний зардал болж байгаа билээ.

    Ш.Самбуу

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж