Уран зургийн шинэ урсгалын үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Уран зургийн шинэ урсгалын үзэсгэлэн

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнөөдөр уран зургийн шинэ урсгалаар нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийлээ. Баянхонгор аймгийн зураач Ч.Ядам, түүний хүү залуу уран бүтээлч Я.Баасандорж нар “Цаглашгүй эрчис” үзэсгэлэнгээ дэлгэсэн нь энэ.

Үзэсгэлэнгийн зургууд өөрийн эрхгүй сонирхол татам. Дүрслэх урлагийн уран зургийн шинэ урсгал гэхээр урьд өмнө хараагүй сонин зүйлс угтах нь тодорхой гэсэн хүлээлт хүмүүст төрөөд байсан. Харин тэнд Монгол зургийн хээ угалз зураг бүрт эрчлэн халгин цалгин байсан юм. Дан тойрон эрчилсэн монгол хээгээр ямар ч бүтээлийг дүрслэн үзүүлж болох юм гэдгийг эндээс харах нь сонирхолтой байсан шүү.  Анхны юм бүхэн хүний сэтгэлд тод томруун бууж үлддэг. Тэр ч утгаараа энэ үзэсгэлэнгийн зургууд танил юм шиг хирнээ танихгүй мэт өвөрмөц байлаа.  Хүүхэд байхад зургийн хичээл дээр үздэг байсан монгол уламжлалт  хээ, угалзнуудаас  эрчилсэн дугараг хээ энд зонхилжээ.

Зураач Ч.Ядам нь малын эмч мэргэжилтэй бөгөөд цаг наргүй ажлынхаа хажуугаар дүрслэх урлагт өөрийн оюун ухаан хүч хөдөлмөрөө зарцуулж яваа. Тэрбээр  есөн жилийн турш уйгагүй сэтгэл шулуудан судалж гаргасан уран зургийн нэгэн шинэ урсгалаар зурсан бүтээлүүдээ энд дэлгэн тавьсан билээ. Эдгээр зургуудынхаа тухай зураач Ч.Ядам “Цаглашгүй эрчис хэмээх уран зургийн урсгалын тухай дэлхий нарыг тойрон тэнхлэгээрээ эргэлдэх хөдөлгөөн нь амьд оршхуйн үндэс бөгөөд үүнийг таньж мэдсэн суут суут өвөг дээдсийн дүрсэлсэн уламжлалт чимэглэл хээ угалз дээр тулгуурлан авдрын хээнээс хэтэрч хөгжөөгүй энэхүү амьд эрч хүчийг агуулсан гайхамшигт дүрслэлийг өнөөгийн урлагийн өндөр түвшинд уран зургийн нэгэн бие даасан урсгал болгон гаргаж тавилаа” хэмээв.

Энэ үзэсгэлэнд Ч.Ядам байж болох бүхий л шинжээр нь зурж судалсаар нэгээхэн хэсгээс нь уран бүтээл болгон Монгол түмний ёс заншил, хөрөг, соёлын өв уламжлалыг маш сонирхолтойгоор илэрхийлэн монголч сэтгэлгээгээ шингээн бүтээлээ туурвижээ.

Залуу уран бүтээлч Я.Баасандож нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн  Монгол зургийн ангийг 2006 онд төгсөн одоо аймгийнхаа сургуульд дүрслэх урлагийн багшаар ажилладаг ажээ. Тэрбээр энэ удаад бөөгийн төрөл бүрийн онгодын энэхүү шинэ эрчилсэн хээний урсгалаараа муутуу цаасан дээр зурсан байлаа. Аавынхаа есөн жилийн эрэл хайгуул судалгааны үндсэн дээр гарган ирсэн уран зургийн шинэ төрлийг хүү нь залгуулан хөгжүүлж нийтэд бүтээлээрээ дэлгэн харуулж, энэ чиглэлийг цааш нь хөгжүүлэхийг уран бүтээлчдэдээ хандан уриалсан юм.

“Цаглашгүй эрчис” үзэсгэлэнгээс Монгол ахуй, Монгол төрх, үндэсний уламжлал үнэртэнэ. Тус үзэсгэлэнд аав хүү хоёрын нийт  64 бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ сарын 25-ныг дуустал Занабазарын дүрслэх урлагийн арт галерейд үргэлжлэн гарах юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж