Гадаад худалдааны алдагдал өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны алдагдал өсчээ

Төсөв бүрдүүлэгч татварын орлогыг дийлэнх хувийг “Эрдэнэт” бүрдүүлдэг байв. Ямар сайндаа л бид “саалийн үнээ” гэж нэрлэж байхав. Тэгвэл өнгөрсөн жил зэсийн бус уул уурхайн бүтээгдэхүүний татварын орлого “Эрдэнэт”-ийн саалийн хэмжээг давжээ. Тодруулбал, үүнд нүүрсний экспортоос орж ирэх орлогын хэмжээ ийн нөлөөлсөн хэрэг.
Үндэсний статистикийн хороо экспортын мэдээг энэ сарын 15-нд гаргаснаас үзвэл нийт экспортыг уул уурхайн бүтээгдэхүүн өнгөл¬жээ. Экспортын 39,9 хувийг зэс, 16,2 хувийг нүүрс, 10,6 хувийг төмрийн хүдэр, найман хувийг цайрын хүдэр, баяжмал тус тус эзэлж байна. Мөн боловсруулаагүй нефть 6.5 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.6 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.7 хувь, молибдений хүдэр ба  баяжмал 1.7 хувь, үлдсэн 10.8 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн бүрдүүлснийг графикаас хараарай.  Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт  энэ сарын хоёрдугаар сарын 15-ны байдлаар 721.8 сая ам.доллар, үүнээс экспорт 282 сая ам.доллар, импорт 439.8 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 294.7 сая ам.доллар буюу 69 хувиар, үүний дотор экспорт 60.4 сая ам.доллар буюу 27.3 хувиар, харин импорт 2.1 дахин буюу 234.3 сая ам.доллараар тус тус өссөн байна.  Гадаад худалдааны тэнцэл  157.8 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 173.9 сая ам.доллараар өссөн байна. Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 7.3 мянган тонн, үнийн дүн нь 7.6 сая ам.доллараар өссөн байна. Суудлын автомашины импорт 2130 ширхэг, үнийн дүн 25.9 сая ам.доллар, ачааны машиных 1524 ширхэг, үнийн дүн 24.2 сая ам.доллараар тус тус өсчээ. Харин гурилын импортын биет хэмжээ 5.4 мянган тонн, үнийн дүн 37.6 мян.ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 2.2 мянган тонн, үнийн дүн 0.6 сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж