Их Британийн инфляци 3,7 хувь болов

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Их Британийн инфляци 3,7 хувь болов

Их Британийн инфляцийн төвшин арванхоёрдугаар сард 3,7 хувь болж, өмнөх сарынхаас 0,4 хувиар өссөн байна. Жижиглэнгийн худалдааны үнийн индекс 4,8 хувь болж өсчээ. Ингэснээр үнийн өсөлтийг бууруулахаар ажиллаж буй төв банк болох “Bank of England”-д илүү хүнд болж байгаа аж. Түүнчлэн саяхан НӨАТ-ын хэмжээг 17,5 хувиас 20 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь инфляцийн төвшинг улам нэмэгдүүлэхээр байгаа юм. Ямартай ч инфляцийн төвшин төлөвлөж байснаас хоёр хувиар илүү байгаа билээ.

Үндэсний статистикийн газрын үзэж буйгаар инфляцийг өсгөж буй гол хүчин зүйл нь агаарын тээвэр, түлш шатахуун болон хүнсний үнийн өсөлт аж. Шатахууны үнэ долдугаар сараас хойш асар хурдацтай өсч байгаа бол хүнсний үнэ 2009 оны тавдугаар сараас хойш харагдаагүй хэмжээнд очсон байна. Засгийн газраас Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн их хэмжээний төсвийн таналт хийхээр зэхэж буй нь хэрэглэгчдийн зарцуулалтыг бууруулж, ойрын хоёр жилийн дотор инфляцийг бууруулна гэж эдийн засагчид мэдэгдэж байна.

Энэ мэдээллийн дараа Их Британийн фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг 1,60110 ам.доллар болж буураад байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж