П.Буянжаргал: “Уурхайчин”-даа тоглох хүсэлтэй байгаа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

П.Буянжаргал: “Уурхайчин”-даа тоглох хүсэлтэй байгаа

Монголын волейболын холбооны 16 дахь удаагийн лигийн тэмцээн ням гаригт өндөрлөсөн. Тэмцээний “Шилдэг давуулагч”-аар тодорсон Монгол Улсын шигшээ болон “Уурхайчин” клубийн тоглогч П.Буянжаргалтай ярилцлаа. Түүний хувьд энэхүү шагнал анхных биш бөгөөд 2009 оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болон өнгөрсөн жилийн лигийн тэмцээний “Шилдэг давуулагч”-аар тодорч байв. Монголын волейболын ирээдүй хэмээн үнэлэгддэг тэрбээр 20 нас хүрээгүй ч дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам, Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Азийн наадам, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод байна.

-Лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ жил танай баг ямар зорилт тавьж оролцсон бэ?

-Баярлалаа. Манай “Уурхайчин” баг энэ жилийн лигт аваргын төлөө тоглох зорилготой оролцсон. Харамсалтай нь жаахан туршлага дутаад, шигшээ тоглолтод шалгарч чадсангүй.

-Хоёрдугаар байрт шалгарахын тулд “Эрчим”-тэй нэлээн ширүүхэн өрсөлдлөө?

-Тийм ээ. Эхний хоёр тойргийн дараа манай хоёр багийн оноо тэнцүү байсан. Харин гуравдугаар тойрогт 2:3-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө тоглох болсон. “Эрчим”-ийн эгч нар биднээс туршлагаар илүү байлаа.

-Өнгөрсөн жил бас хүрэл медаль хүртэж байсан. Тухайн үед медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?

-Арай байгаагүй. Уг нь энэ жил илүү боломжтой байсан юм.

-Энэ жилийнх таны оролцсон хэд дэх лигийн тэмцээн бэ?

-Гурав дахь нь. Анхны лигтээ эгч нартайгаа оролцоод хүрэл медаль хүртэж байсан. Гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн.

-Та олон улсын тэмцээнд оролцохдоо “Энагура” багийн өмнөөс тоглодог. Дотооддоо хүчтэй өрсөлдөх болсон энэ багаас санал ирдэг биз?

-Тийм ээ. Гэхдээ “Уурхайчин”-даа үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй.

-Манай лигийн багууд тогтмол бэлтгэл хийж чаддаг уу. Эсвэл том тэмцээний өмнө цугларч байна уу?

-Манай клуб байнга хийх боломжтой. Гэхдээ дийлэнх тамирчин нь оюутан болохоор хичээл нь давхцах тохиолдол гардаг.

-Сербийн Белград хотод 2009 онд болсон дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам шигшээ багийн өмнөөс тоглосон анхны олон улсын тэмцээн байсан уу?

-Тийм ээ. Анхных байсан. Манайх дэлхийн оюутны шилдэг 16 багийн тоонд багтаж, “Универсиад”-д оролцсон. Хэцүү санагдаж байсан ч их туршлага суусан даа.

-Тэр жилийн намар олон улсын тэмцээний томоохон амжилт гаргасан шүү?

-Тайландын Бангкок хотод болсон Азийн оюутны спортын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тивийн тэмцээнд медаль хүртээд их баярласан. Өрсөлдөгч бүр хүчтэй байлаа. Энэ дундаас Тайланд, Хонгконг, БНХАУ илүү ширүүн өрсөлдсөн.

-Тэмцээний “Шилдэг давуулагч”-аар шалгарна гэж бодсон уу?

-Тоглолтдоо анхаарлаа хандуулж байснаас тусгай шагнал хүртэнэ гэж бодоогүй.

-“Гуанжоу-2010” Азийн наадамд хэрхэн тоглов. Азийн шилдэг найман багийн нэг болсон?

-Зунаас эхлэн бэлтгэлээ базаасан. Харамсалтай нь санасандаа хүртэл тоглож чадаагүй. Манай баг тоглолт бүрт эхлэл сайтай ч төгсгөл муу хийсэн. Хэдийгээр шигшээ баг Монголдоо бэлтгэл хийж байсан ч өөр багтай тоглоогүй учир хүндрэлтэй байсан.

-Шигшээ багийн өнгөрсөн онд оролцсон хоёр дахь том тэмцээн нь БНСУ-ын Чежүд болсон. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Азийн наадмаас илүү сайн тоглосон шүү. “Гуанжоу-2010” бидэнд маш том туршлага болсон тул Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд муугүй хүч үзсэн. Японы хүчтэй багтай хүрэл медалийн төлөө тоглоод бараагүй. Нийтдээ хоёр ялж, хоёр хожигдсон.

-Волейболын спортоор хэзээнээс хичээллэсэн бэ?

-Намайг долдугаар ангид байхад 2004 онд 53 дугаар сургуульд волейболын мэргэжлийн сургалттай анги байгуулагдсан. Түүнд элсч, ОУХМ Г.Баярсайхан багшийн шавь болсон доо. Манай ээж волейбол тоглодог байсан болоод ч тэр үү би их сонирхолтой. Цэвэрхэн, сайхан спорт.

-Одоо аль сургуульд суралцдаг вэ. Зорилгоосоо хуваалцахгүй юу?

-ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд суралцдаг. Одоо III курс.  Цаашдаа илүү ихийг сурч, том амжилт үзүүлэхийг зорьж байгаа.

-Оролцох дараагийн тэмцээн тань?

-МВХ-ны Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн байгаа
.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Г.Баярсайхан багшдаа баярлаж явдгаа илэрхийлье. Бас “Уурхайчин” багийнхандаа хайртай шүү.

Эх сурвалж: Д.Нанжид
“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж