Агентлагийн дарга нартай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Агентлагийн дарга нартай гэрээ байгууллаа

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар өөрийн эрхлэх асуудлын хүрээний харъяа агентлаг- хэлтэс, газрын дарга нарынхаа 2010 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг дүгнэж, 2011 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өмнө нь Засаг дарга хэлтэс газрын дарга нартайгаа ганцаарчлан уулзаж гэрээг нь дүгнэдэг байсан бол энэ жил хамтад нь  суулгаж байгаад анхаарах ажил асуудал нэг бүрийг хэлж анхааруулж шинэ оны гэрээ байгууллаа. 

Тухайлбал, Статистикийн хэлтэст мэдээллийн үнэн зөв, шуурхай байдлыг хангах талд анхааруулсан бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад боловсон хүчнийхээ сахилга хариуцлагын асуудалд анхаарч энэ жил Хэнтий аймаг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон учир залуусыг ажлын байранд зуучлах, сургаж дэмжихэд хамтран ажиллая гэлээ. Нийгмийн даатгалын хэлтэс 2010 онд өр авлагаа барагдуулсанд Засаг дарга талархал илэрхийлээд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд түлхүү хамруулах, сумдын байцаагч нарын ёс зүйд анхаарч ажиллах үүрэг өгч шинэ оны гэрээ байгууллаа.

Боловсрол соёлын газарт энэ жил багш нарын амралтын газар байгуулах ажлаа дуусгах, хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэх, Эрүүл мэндийн газарт багийн эмч нарын хангамжийг нэмэгдүүлэх, зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдээ авч ажиллуулах,  Хүүхдийн төлөө хэлтэст хүүхдийн ордны барилгыг хүлээж авч ажилд оруулах, хүүхдийн морин хуурын чуулгыг өргөжүүлэх, ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллах, аймгийн музейд Сэцэн ханы ордон музейг сэргээн засварлах ажилд анхаарах, Байгаль орчин аялал жуулчлалын газарт, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн кадастрын зураглалыг гаргаж явуулах, ойжуулах, булаг шанд хамгаалах ажлын үр дүнг тооцох, аппаратын залуу ажилтнуудаа чадавхжуулах, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газарт, өндөр ашиг шимт мал бий болгох, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд анхаарах, сум дундын техникийн үйлчилгээний төв, уринш, сайн чанарын үрийн буудай татаж авах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх, Тээвэр автозамын газарт хот хоорондын тээвэр таксины үйлчилгээнд анхаарлаа хандуулж, байрны асуудлаа ойрын үед шийдэж авах зэрэг тодорхой үүрэг даалгаврууд өглөө.

Засаг дарга ийнхүү гэрээ байгуулсныхаа дараа “Бид нэг баг болон ажиллаж байгаа учраас ингэж илэн далангүй ярилцаж байна. 2011 оныг манай аймаг”Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан учраас та бүхэн залуучуудаа ажлын байраар хангах талд анхаарах, аймгийн Засаг  даргын дэргэдэх агентлаг хэлтсүүд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, гаргаж байгаа мэдээ тайлан тоо баримтандаа анхаарч ажиллах хэрэгтэй” гэв. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж