Хөвсгөл нуурыг бохирдуулсны төлөө НИК төлбөр төлнө

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нуурыг бохирдуулсны төлөө НИК төлбөр төлнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашин Хөвсгөл нууранд живсэн  талаар өмнө нь бид мэдээлж байсан. Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр шатахуун, ХӨА 75-79 улсын дугаарын 6510 литр А-80  шатахуунтай тээвэрлэж явсан хоёр автомашиныг нэгийг энэ сарын 12-нд, хоёр дахь машиныг өчигдөр орой 19:00 цагийн үед татаж гаргалаа. Хөвсгөл нууранд живсэн хоёр автомашиныг гаргаж авах ажиллагаанд НИК компани болон аврах албаны албан хаагчид, орон нутгийн иргэд нийтдээ  60 гаруй хүн найм хоногийн турш ажилласан байна.  50 метрийн гүнд шумбалт хийж, мөсөн доогуур аврах ажиллагааг Монголд анх удаагаа амжилттай хийж чадлаа гэдгийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд онцолж байна. Өчигдөр аврах ажиллагааны явцтай аймгийн Засаг даргын орлогч Очирхуяг танилцжээ. Энэ талаар тус аймаг дахь Улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргааны хэлтсийн дарга Л.Даваабаяраас тодрууллаа.

    -Хоёр дахь машиныг хэзээ татаж гаргасан бэ?

    -Энэ сарын 16-ны өдрийн 16:30 цагийн орчимд мөсөн доогуур татаж, эргээсээ 45 метрийн зайтай 6 метрийн гүнд татан авчирч, мөс цоолон бэхэлгээ хийн аргамжиж, шатахууныг соруулан, 19:00 цагт уснаас машиныг татан гаргаж авлаа. Шатахууныг соруулсан нөхцөлд машиныг татаж гаргах ажил маш хурдан хугацаанд хийгдэнэ. Шатахуун нуурын усанд асгараагүй. Хэрэв нуурын гүнд байгаа автомашины шатахуун  алдагдсан бол  усны ман­дал дээр хөвөөд гараад ирэх ёстой. Өнөөдөр татаж гаргах ажиллагааны үед үүссэн хог хаягдал, талбайг цэвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа.

    -Шатахуун алдагдвал ямар хор хөнөөл учирч болох вэ?

    -Асар их хор хохирол учирна шүү дээ. Хөвсгөл далай  маань эмзэг экосистемтэй. Мөн  Монгол Улсын гадаргын цэвэр усны 68.5 хувийг агуулж байдаг. Нэн цэнгэг нуур. Байгаль далайн цутгалын 70 орчим хувийг эзэлдэг.Тэгэхээр шатахуун  асгарч нуур бохирдлуулбал нөхөж барахгүй хор хөнөөл учирна гэсэн үг л дээ. НИК компанийн хувьд хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ огт асгараагүй гэж хэлж болохгүй л дээ. Машины эд ангийн тос, масло тодорхой хэмжээгээр нуурыг бохирдуулсан нь мэдээж. Манайхаас анх осол болсны маргаашнаас эхэлж, хоёр улсын байцаагч, нэг байгаль хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, дүрсжүүлэн баримтжуулсан байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл аймаг дахь Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хэлтсээс хохирлын хэмжээг тогтоох ажлын цаашид үргэлжилнэ.

    -Нууранд автомашин осолдлоо гэх мэдээллийг анх хэн өгсөн бэ?

    -Ослын тухай анхны мэдээг Рэнчинлхүмбэ сумаас “НИК” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын дарга н.Гансүхэд утсаар мэдээлсний дагуу энэ сарын 9-ний өдрийн 03:00 цагт Мөрөн сумаас ослын газарт очиж үзээд, аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдээлсэн юм байна лээ. Тухайн өдрийн 11:10 цагт 10 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн.

    -Осол гарах шалтгааныг тодруулсан уу?

    -Машин осолдсон нь  хориотой замаар шатахуун тээвэрлэж явахдаа горим зөрчин 10 гаруй км газарт төөрснөөс болсон юм билээ. “НИК” ХХК-ийн жолооч нар Рэнчинлхүмбэ сумын “Жиглэгийн-Ам”-ны орчим замаасаа төөрсөн тул урдаа явж харагдсан УАЗ-469 автомашиныг гүйцэж зам асуухаар хойноос нь давхиж яваад 75-79 ХӨА дугаартай автомашин Хөвсгөл нуурын “хар хил” (мөсний завсар) рүү цөмрөн унаж 50 м-т живэн, араас нь явж байсан 92-01 ХӨА дугаартай автомашин тоормослосон боловч гулссаар усан ангал руу орж мөсөнд хавчуулагдсан гэх юм билээ. 92-01 ХӨА улсын дугаартай автомашины жолооч  Ж.Энхбаатар, 75-79 ХӨА улсын дугаартай автомашины жо­лооч Л.Баттулга нар амьд гарч, 75-79 ХӨА улсын дугаартай авто­машинд явсан иргэн А.Бат-Эрдэнэ /40 орчим настай, эрэгтэй/ живж нас барсан.

    -Нуурнаас автомашиныг гарга­хад техник, тоног төхөөрөмжийн хувьд хэр хангалттай байсан бэ?

    -Манай онцгой албаныхны техник, тоног төхөөрөмж их хэцүүхэн юм билээ. Осол болсон газрын цаг агаар өдөртөө 24-26 градус, шөнөдөө 34-36 градус хүйтэн, зарим өдөр бүрхэг байгаа тул аврагч нарын усны гүнд амьсгалдаг хүчилтөрөгчийн бортогоны агааржуулах хоолой болон амьсгалын зуувч хөлдөх, нүд улайх зэрэг хүндрэл учирч 20 метрээс цааш үзэгдэх орчин маш хязгаарлагдмал байсан. 14-ний өдрийн 12:10 цагт Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Г.Баяртогтох, тэргүүн түрүүч Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт хийж 50 метрийн гүнд живсэн машинд 100 метр урт ган татлагыг амжилттай холбосноор эрэг рүү татаж гаргах үйл ажиллагаа эхэлж, 15-ны өдөр 125 метр газар татсан.

    -Өмнө нь Хөвсгөл нууранд автомашин живсэн тохиолдлууд бий юу?

    -Намайг хүүхэд байх үед 40, 60 тонн нефть тээвэрлэж явсан машин живсэн гэх мэдээлэл мэр сэр гардаг л байсан. Боломжтойг нь гаргаад, боломжгүйг нь орхисон тохиолдлууд цөөнгүй. Тухайн үед байгаль орчин, экосистемийн асуудал хурцаар тавигддаггүй байсан болохоор тэгэс­хийгээд замхардаг байсан. Одоогоор Хөвсгөл нуурын ёроолд 40 гаруй том хэмжээний төмрийн сэг байна гэсэн судалгаа ч бий.

    Д.Долгор

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж